Боловсролын зээл, тэтгэлэг олгох журмын шинэчилсэн төслийг хэлэлцлээ

Боловсролын зээлийн сангаас дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх болон зээл эргэн төлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг нь Засгийн газрын 2024 оны 103-р тогтоолоор баталсан “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам” болон Засгийн газрын 2025 оны 215-р тогтоолоор баталсан дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журамыг нэгтгэн шинэчлэх хүрээнд зохион байгуулагдлаа.
Журмын шинэчилсэн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгажээ.
Боловсролын зээлээр суралцаж буй оюутнуудаас зээлийн хүү тооцох
Гадаадын их, дээд сургуульд суралцагчдад монгол хэлний онооны шаардлага тавих
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн жагсаалтыг 300 хүртэл болгон өргөжүүлэх
Зээлээр суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдад 6 хүртэл хувийн хүү тооцох
Суралцагчийн голч дүнгийн шаардлагыг нэмэгдүүлж, хяналтын тоог үндэсний эрэмбэд үндэслэн жагсаах
Суралцагчид сургалтын хугацаанд хэдэн багц цагийн төлбөрийн дэмжлэг авсантай уялдуулан төрийн байгууллага болон холбогдох салбарт ажиллах хугацааг тооцох. Тухайлбал, 120 багц цагийн төлбөрийн дэмжлэг авсан тохиолдолд 60 сар буюу таван жил ажиллах үүрэг хүлээлгэхээр тусгажээ
Боловсролын салбарын нэрэмжит тэтгэлэг олгох зохицуулалтыг шинээр тусгах
Журмын шинэчилсэн төсөлд оролцогчдоос гарсан санал, зөвлөмжийг тусган боловсронгуй болгох бөгөөд цаашид холбогдох журмын дагуу баталгаажуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хэлэлцүүлэгт Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт, шинжээч Э.Батсэлэм, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн, Боловсролын магадлан, итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн захирал Б.Амарсанаа болон дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид, эцэг эхийн төлөөлөл, иргэд зэрэг 100 гаруй хүн оролцож, журмын шинэчилсэн төсөлд санал, байр сууриа илэрхийлэв.



Comments