top of page

Баянгол дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

Баянгол дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны анхдугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдааныг Баянгол дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэрүүн Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Зөвлөлийн хурлын эхэнд дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл болон гишүүн байгууллагуудын 2025 оны ажлын тайланг сонслоо. Нийгмийн хөгжлийн хэлтсээс 22 хүүхдэд асран хамгаалагч, 7 хүүхдэд харгалзан дэмжигч тогтоосон бол 11 хүүхдийг асрамж халамжийн төвд холбон зуучилсан, Дүүргийн Усан спорт сургалтын төв 2025 онд зорилтод бүлгийн 246 хүүхдийг Усны боловсрол олгох хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулсан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс сургууль, цэцэрлэг болон гэмт хэрэг гарч болзошгүй цэгт нийт 34 ахмад эргүүлийн үүрэг гүйцэтгэгчээр, эрсдэлт нөхцөлд байгаа болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа 2410 иргэнд асаргааны мөнгөн тэтгэмж олгосноор хүүхэд аюулгүй орчинд амьдрах боломжоор хангагджээ.

“Баянгол хүүхдийн зуслан” нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэстэй хамтран зорилтот бүлгийн 102 хүүхдийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тусгай хөтөлбөрт хамруулсан, Дүүргийн Эрүүл мэндийн төв нь төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн 1722 хүүхдийг үзлэгт хамруулж, шүдний өвчлөлтэй 424 хүүхдийг эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн дүүргийн Цагдаагийн газраас 2025 онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Ингэхдээ өнгөрсөн онд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх жилтэй харьцуулахад 38.6 хувиар буурсан ч анхаарах асуудал байгааг онцлов. Тодруулбал, насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн хэрэг ихэнхдээ гудамж талбай, гэр орон сууц болон соёл, урлаг, спортын үйл ажиллагаа явуулдаг газрууд болон сургуулийн орчинд гарч байна гэлээ. Иймд Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар “Тайлан мэдээнээс харахад дүүргийн 1-34 хороонд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвүүд олон байдаг газарт хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох нь их байгаа учраас дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувьд уулзалт зохион байгуулж ажиллах нь зөв. Мөн Хүүхдийн зөвлөлийн гишүүн байгууллагуудын тайланг хороо хороогоор нь гаргаж, хороодын ажлыг дүгнэх нь зүйтэй гэсэн санал хэллээ.

Comments


bottom of page