top of page

Б.Пүрэвдагва:Хүүхдийн ордон хоёрын бэлтгэл ажил 60 хувьтай байна

  • 2 minutes ago
  • 1 min read

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Хүүхдийн ордон хоёрыг цаашид ямар зохион байгуулалттай явуулах талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид аливаа харамсалтай үйл явдал болсны дараа арга хэмжээ авах бус урьдчилан сэргийлж, өөрсдийн хариуцаж байгаа хүрээлэн буй орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох чиглэлээр ажиллах нь хамгийн чухал юм. Үүнд иргэний нийгмийн болон ТББ-уудын оролцоо маш их. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний шийдвэр гарч, өмнө нь НЗДТГ байсан байрыг “Хүүхдийн ордон 2” болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажлын бэлтгэл 60 хувьтай үргэлжилж байна. 1958 онд баригдсан, 1800 гаруй ам метр талбайтай энэхүү барилга хүүхдийн хөгжлийн төв болж байгаа учир аюулгүй байдалд нь мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт хийх нь маш чухал юм. Өмнө нь ашиглалтад байсан учир шууд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэсэн эхний дүгнэлтээ аваад ААН-үүдтэй зөвшилцөл, хэлэлцээрт орж байна. Тус ажлыг хувийн хэвшлүүдтэй хамтран хийнэ. Энэ төв нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв байх юм. Наймдугаар сард бүх ажил дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйл ажиллагаандаа орох төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно. Бид хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, бодлоготоо тусгаж шийдвэрээ гарган ажиллана. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол заавал хийнэ” гэлээ.


Comments


bottom of page