top of page

Аяга кофены мөнгөөр хүүхдээр мэргэшиж буй редакцыг дэмжээрэй


ree

Аяга кофены мөнгөөр хүүхдийн төлөө мэргэшиж буй сэтгүүлчдийг, редакцыг дэмжих хүч танд бий. Child.mn/Хүүхэд.мн сайт энэ сараас дагнан сурвалжлахаар сонгож буй сэдэв, мэдээллийн цэсэндээ "Хүүхдийн төсвийг мөшгөе" гэх агуулгыг шинээр нэвтрүүллээ. Ингээд хүүхдэд зориулсан төсвийг мөшгөн, тасралтгүй сэтгүүлзүйн бүтээл туурвихын тулд уншигч, үзэгчдээсээ санхүүгийн дэмжлэг авахаар олон нийтийн санхүүжилт зарлаад байна. Тиймээс та бүхэнд олон нийтийн санхүүжилт гэж юу болох, бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагад ямар нөлөөтэй, төрөлжсөн редакц иргэдэд ямар хамааралтай, нөлөөтэй талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Аяга кофены дэмжлэгийн учир

2025 онд Хэвлэлийн Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар манай улсад 389 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 24 хувь нь мэдээллийн сайт. Тэр дунд child.mn нь хүүхдийн чиглэлээр дагнан мэргэшиж буй цор ганц, мөн анхдагч хэвлэл мэдээллийн байгууллага юм. Хүүхдүүдэд зориулсан бус хүүхдийн дуу хоолойг томчуудад, урт хугацаанд бодлогын түвшинд нөлөө үзүүлэх алсын хараатай редакц.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь үргэлж л иргэдийн мэдэх эрхийн төлөө байдаг. Уншигч, үзэгчийн өмнөөс дуу хоолой нь болох, эргээд нийтэд тустай мэдээллийг хүргэхээр тасралтгүй ажиллаж байдаг. Энэ талаас нь бодвол хэвлэл мэдээллийн байгууллагууд нь ашгийн бус зорилгын төлөө ажилладаг. Гэвч үндсэн үйл ажиллагаа, бүтцийн хувьд ашгийн төлөө ажиллаж байж зардлаа төлөх боломжтой болдог. Тиймээс редакц "амьдрах чадвартай" байх эсэх нь санхүүжилт, орлогын эх үүсвэртэй шууд хамааралтай юм.

Олон улсад нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа редакцуудыг олон нийт буюу уншиж, үзэж байгаа хүмүүс нь сар бүр эсвэл тодорхой нэг сэдвээр сурвалжлахад нь дэмжлэг үзүүлдэг санхүүжилтийн хэлбэр бий. Зөвхөн мөнгөнөөс гадна хувьцаа, койн, мерч бүтээгдэхүүнийг нь худалдан авах, сошиал хаягуудыг нь дагах гэх мэт олон аргаар дэмждэг байна. Уг дэмжлэгийн ачаар тухайн редакц ямар нэг нөлөөлөлд автахгүйгээр эдийн засгийн хувьд эрх чөлөөтэйгөөр иргэдийн төлөө сэтгүүлзүйн бүтээлээ туурвих боломжтой болдог ажээ. Монгол улсын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд санхүүжилтийн эх үүсвэр нь томоохон улс төрийн эсвэл бизнесийн хөрөнгө оруулалт байх ба өдөр тутмын үйл ажиллагаанд олж буй орлого нь төрийн болон хувийн компанитай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ голлох нь элбэг. Харин уншигч, үзэгчийн хувьд тэдний бүтээлд төлбөр төлж мэдээлэл унших, үзэх соёл харьцангуй бага тогтсон байдаг.

Дэлхий дахинд хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 190 орноос 108-д эрэмбэлэгдэж байна. Иргэдийн үнэн бодит мэдээлэл авах эрх хумигдаж буй энэ цаг үед хараат бус редакц, хэвлэл мэдээллийн байгууллагыг хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал юм. Тиймээс child.mn "Хүүхдийн төсвийг мөшгөе" буландаа уншигч, үзэгчдээсээ дэмжлэг хүсээд байгаа билээ.

Уншигч та бидний "Хүүхдийн Төсвийг Мөшгөе" санаачилгыг дэмжихийг хүсвэл Голомт банк - Чайлд Лайф Медиа - IBAN MN 970015001165183682 дансаар "аяга кофе" илгээгээрэй.

Иргэд яагаад дагнасан медиаг дэмжих хэрэгтэй вэ?

Редакцад иргэдийн дэмжлэг ямар эерэг нөлөөтэй болон сэдэв, салбарыг дагнан сурвалжлах нь ямар үр нөлөөтэй талаар сэтгүүл зүйн салбарт олон жил ажиллаж буй хүмүүсээс тодрууллаа.

ree

Сэтгүүл зүйн салбарт 25 жил ажиллаж буй хөдөө аж ахуйн төрөлжсөн мэдээллийн "Шинэ Өсөлт", "Шинэ Малчин" сэтгүүл, agronews.mn сайтын үүсгэн байгуулагч, эрхлэгч И.Отгонжаргал "Хэвлэл мэдээллийн байгууллага нийгмийг хөтлөн чиглүүлэх үүрэгтэй ажилладаг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд иргэдийн тусламжаар санхүүжих нь тухайн байгууллагад нөгөө талдаа дэмжиж байгаа иргэдэд аль алинд нь өгөөжтэй. Өөрөөр хэлбэл тухайн редакц хэн нэг мөнгөтэй хувь хүн, улс төрч, намын "бохир мөнгө" эсвэл "тус"-ыг авч ажиллах бүрд иргэдийн мэдэх эрх аюулд орж байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдал "боомилогдож" байдаг. Тиймээс л иргэд буюу олон нийт өөрсдөө уншиж, үзэх редакцаа санхүүжүүлэх нь илүү үнэ цэнтэй. Тэр дундаа тодорхой сэдвээр дагнан мэргэшиж байгаа редакцуудыг дэмжих нь асар чухал. Манай байгууллагын хувьд зургаан жил хөдөө, аж ахуйн чиглэлээр дагнан ажиллаж байгаа. Хэт их мэдээллийн урсгалд үнэн бодитой мэдээлэл эсэхийг ялгахад хэцүү болсон цаг үед төрөлжсөн редакц баталгаатай мэдээллийн эх сурвалж болдог. Бас бусад байгууллагуудын тэр бүр сонирхдоггүй, орхигдуулдаг хэдий ч иргэдэд хэрэгцээтэй тэр мэдээллийг дагнан судалж, сурвалжилдаг онцлогтой".

ree

ХИС-ийн МХМС-ийн Сэтгүүл, Медиа Технологийн тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор Л.Ариун "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтээс санхүүгийн дэмжлэг авдаг сайн туршлага дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад байдаг. Учир нь олон нийт хэн нэгнээс хараат бусаар цэвэр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулах, мөн өөрсдөдөө хэрэгтэй мэдээ, мэдээллийг мэргэжлийн байгууллагаар тогтмол сурвалжлуулах хэрэгцээ шаардлага байдаг учраас дэмждэг. Хэвлэл мэдээллийн байгууллага реклам, сурталчилгаа, төлбөртэй контент, сургалт, арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон янзын эх сурвалжаас санхүүжиж болдог. Тэр дундаа хараат бусаар ажиллах боломжийг олгодог санхүүжилтийн нэг төрөл нь иргэдийн хандив дэмжлэг яахын аргагүй мөн. Ялангуяа төрөлжсөн редакцыг бүр ч дэмжих хэрэгтэй. Учир нь орчин цагийн энэ их мэдээллийн урсгал, хүмүүсийн завгүй амьдралын дунд илүү дутуу зүйлд сатаарахгүй хүссэн мэдээллээ олж авах нь чухал болсон. Мэдээллийн хэрэгсэл бол үйлчилгээ үзүүлж бараа зардаг бусад бизнестэй адил учраас хүмүүсийн мэдээллийн хэрэгцээ, цаг зав, амьдралын хэв маягийг дагаж тухайн хүний хүсэл сонирхол хэрэгцээнд нийцсэн тэр чиглэлийнх мэдээллийг өгөх байдлаар төрөлжсөн медиа болон өөрчлөгдөж байгаа хэрэг юм."

ree

Сэтгүүл зүйн салбарт 12 жил ажиллаж буй Bpress.mn сайтын редактор Б.Будхүү "Уншигч, мэдээлэл хүлээн авагчид нь мэдээллийн боловсролтой, ялангуяа унших дадал суусан, хараат бус хэвлэл төлөвшсөн улс орнуудад хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл чөлөөт сэтгүүлч олон нийтээс санхүүгийн дэмжлэг буюу сайн дурын хандив авч үйл ажиллагаандаа зарцуулах нь хэвийн үзэгдэл байдаг. Мэдээж дэмжлэг хандивыг тухайн байгууллага, хувь сэтгүүлч анх санаачилсан зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Ингэснээр мэдээлэл хүлээн авагч дэмжиж хандив өгсөн хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл сэтгүүлчийн үйл ажиллагааг анхааралтай ажиглах, тэдний дунд мэдээлэл дамжуулах болон хүлээн авах эргэх холбоо үүсэх, зарим тохиолдолд үнэ цэнтэй эх сурвалж болох эерэг ач холбогдолтой нь анзаарагдсан. Ийм алхмыг child.mn зоригтой эхлүүлсэнд талархалтай байна. Учир нь манай редакц энэ санааг гаргасан боловч зориглон хэрэгжүүлж чадахгүй одоог хүртэл халгасаар яваа юм. Уншигчийн хувиар манай хамт олон child.mn сайтын “Хүүхдийн төсвийг мөшгөе” цэсэд бэлтгэгдэх бүтээлд зориулан аяга кофены мөнгөөрөө хандив өргөж байна".


Уншигч та бидний "Хүүхдийн Төсвийг Мөшгөе" санаачилгыг дэмжихийг хүсвэл Голомт банк - Чайлд Лайф Медиа - IBAN MN 970015001165183682 дансаар "аяга кофе" илгээгээрэй.




Comments


bottom of page