Асрамж халамжийн төвүүдэд нийт 832 хүүхэд амьдарч байна

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ)-аас асрамж, халамжийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах уулзалтыг сар бүр зохион байгуулдаг байна. Ээлжит уулзалтад ХГБХХЕГ, Монголын хүүхдийн сан, Дон Боско, Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай төв, Хүүхэд залуучуудын хөгжлийн цогцолбор, Өнөр бүл төв, Кристина Нобелийн Хүүхдийн Сан, Нархан, Хүүхдийн төв сувилал, Вербист, Альфа, Манаа, Цөлийн сарнай, Гэрэл төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Уулзалттай холбогдуулан ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг дараах ажлуудыг эрчимжүүлэхийг даалгажээ.
Үүнд:
Асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхэд бүрийн хувийн хэргийг бүрдүүлж, архивын нэгж үүсгэн, жил жилээр нь хадгалах,
Өнөөдрийн байдлаар асрамжийн төвүүдэд 18–37 насны насанд хүрсэн хүн амьдарч, асруулж байгаа нь нийгмийн тогтолцоо хөгжөөгүйгээс гадна, төвүүд бие даан амьдрах хөтөлбөрийг амьдрал дээр хангалттай хэрэгжихгүй байгаатай холбоотой гэж үзжээ.
Иймд уг хөтөлбөрийг эрх зүйн шинэчлэл болон нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулах, багш, ажилтнууд нэгдмэл нэг хөтөлбөрөөр ажиллах шаардлагатайг онцлов.
2026 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 04/139 дугаартай албан тоотоор аймаг, дүүргүүд рүү хүргүүлсэн асрамжийн төвүүдийн хүүхдүүдийн хаяг байршлын судалгааны явц,
2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 04/603 тоотоор хүргүүлсэн судалгааны ажлыг эрчимжүүлж, 11 дүгээр сарын 10-ны дотор нэгтгэн авч, дараа оны ажлын төлөвлөгөө болон анхаарах асуудлыг тодорхойлох,
Өнөөдрийн байдлаар асрамж, халамжийн төвүүдэд нийт 832 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүд өөрсдийн насны хөгжлийн түвшиндээ хүрсэн эсэхэд үнэлгээ хийж, хөгжлийн хоцрогдол болон давуу талыг тодорхойлохыг зэрэг ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.



Comments