top of page

Архины хордлогын улмаас жилд 1000 хүн нас бардаг гэв

  • Apr 15
  • 2 min read
Монгол улсад архи, согтууруулах ундаанаас болж жилд нас барсан хүний тоо 1000 хүрчээ. Үүний 80% нь эрэгтэйчүүд байгаа аж.

“Согтууруулах ундааны хорт хэрэглээг бууруулах”  судалгааны хамгийн сүүлийн буюу 2019 оны тоон үзүүлэлтээр архины хэрэглээ хөдөлмөрийн насны иргэдийн дунд хамгийн өндөр байна. Ялангуяа 45-аас дээш насны эрэгтэйчүүд хамгийн өндөр хэрэглээтэй байгаа бөгөөд хүйсээр харьцуулбал эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 8.7 дахин их архи хэрэглэж байна" гэлээ. Харин залуучуудын хувьд архи, тамхинаас гадна гар утас, видео тоглоомонд донтох нь илүүтэй нэмэгдэж байгааг онцлов.

ЭМЯ, СЭМҮТ, ЦЕГ, НЭМҮТ-ийн төлөөллүүд оролцсон “Согтууруулах ундааны хяналтын бодлогын хэрэгжилтийн өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Баттөр хэлэхдээМонгол улсад архи согтууруулах ундаанаас болж нас барсан хүмүүсийн 80% нь эрэгтэйчүүд байна. Тиймээс Архи согтууруулах ундаа борлуулах цэгийн тоог цөөрүүлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Улаанбаатар хотод согтууруулах ундаа борлуулах цэгийн тоо 1000 хүн тутамд дөрөв байсныг гурван сайдын тушаалаар зургаа болгосон. Хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдэг нь зүгээр л 'май, уугаад бай' гэсэнтэй ялгаагүй. Цагийн болон өдрийн хязгаарлалт хийх үед гэмт хэрэг, осол гэмтэл буурдаг бодит эерэг үзүүлэлтүүд байдаг шүү дээ” хэмээв.

СЭМҮТ-ийн захирал Г.Ууганцэцэг2025 онд бид сэтгэцийн өөрчлөлттэй гэж бүртгэгдсэн 1067 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Залуусын хувьд мөрийтэй тоглоом гар утсанд донтох нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс СЭМҮТ-ийн зүгээс 2026 оноос хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тусгай клиникт мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж эхлээд байгаа” гэв

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн архи, тамхины асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Цолмон "Нийтийн эзэмшлийн газар, тэр дундаа хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн ойр орчимд архидан согтуурахыг хориглосон тодорхой хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Үүний улмаас цагдаагийн алба хаагчид тухайн нөхцөлд шууд торгуулийн болон хуулийн арга хэмжээ авах боломжгүй, ихэвчлэн иргэдтэй харилцан ярилцаж, ойлгуулах замаар асуудлыг шийдвэрлэхэд хүрдэг ч энэ нь төдийлөн үр дүнтэй биш байна. Иймээс дээрх асуудалд чиглэсэн тодорхой хууль, эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна" гэлээ.

Мөн дээрх хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг бодлогын түвшинд хэрэгжүүлж, согтууруулах ундаанд тавих хяналтыг сайжруулан бодит үр дүнд хүрч чадвал архины хэрэглээг бууруулах боломжтойг мэргэжилтнүүд дурдлаа. Ингэснээр гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурч, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрх зөрчигдөхөөс сэргийлэх эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой юм.

Comments


bottom of page