Амиа хорлосон гэх хүүхдүүдийн ангийнханд бүлгийн сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг сургуульд нь өгсөн гэв

2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд хоёр хүүхэд өндрөөс үсэрч, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн хүүхдүүд амиа хорлосон гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн ХГБХХХ-ийн дарга Д.Шүрээс мэдээллийг тодрууллаа. Тэрээр "Баянзүрх дүүргийн хэмжээнд он гарснаас хойш хүүхэд амиа хорлосонтой холбоотой харамсалтай хэрэг гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талийгч хүүхдүүдийн ар гэртэй сургуулиар нь дамжуулан холбогдсон. Мөн нэг ангид сурдаг байсан хүүхдүүдийн хувьд энэ бол цочирдмоор мэдээлэл. Тиймээс бүлгийн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх саналыг сургуульд нь тавьсан бөгөөд одоогоор хариу өгөөгүй байна. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байсан гэх мэдээллийн мөрөөр сургуулийн удирдлагатай уулзсан. Одоогоор тийм асуудал илрээгүй гэсэн тайлбар өгсөн. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна." гэлээ.
Хүүхдүүд өндрөөс унаж амиа алдсантай холбоотойгоор шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас тогтоох бөгөөд Баянзүрх дүүргийн ХГБХХХ-ээс СӨХ болон холбогдох байгууллагуудад дээвэр, тагт, цонх, шат, өндөрлөг хэсэг хүүхэд шууд нэвтрэх боломжтой эсэхийг нягтлан шалгаж, аюулгүй байдлыг хангахаар шалгаж эхэлжээ.
2026 он гарснаас хойш 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 108 хүүхдийн тусламжийн утсанд нийт 1,570 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 1,309 буюу 83.3 хувийг шийдвэрлэж, 261 дуудлага, мэдээлэлд холбогдох арга хэмжээг авч байгаа аж.



Comments