top of page

ChatGPT ашиглаж буй хүүхдэд нь өөрийгөө гэмтээх шинж тэмдэг илэрвэл эцэг, эхэд нь мэдэгдэнэ гэв

ree

Энэ долоо хоногийн даваа гарагт /09.29/ ChatGPT-г хөгжүүлэгч OpenAI компаниас хиймэл оюун ухаантай харилцаж, мэдээлэл авч буй залуу хэрэглэгчдийг хамгаалах зорилгоор эцэг эхийн хяналт бий болгосноо танилцууллаа. Ингэснээр ChatGPT хэрэглэгчид энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн уг хяналын функцийг ашиглах боломжтой болжээ.


Тус компаниас "13-18 насны хэрэглэгчид OpenAI веб сайтаар зочилж, ChatGPT-д хандахаар бол заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаардлагатай болно" хэмээн мэдэгдсэн байна. Уг тохиргоог ашиглахын тулд эцэг, эхчүүд өөрийнхөө ChatGPT хаягаа хүүхдийнхээ хаягтай холбож, хүлээн авах контентын агуулгад насанд нь тохирсон байдлаар хязгаарлах боломжтой аж. Мөн хүүхэд ChatGPT-г ашиглаж байх хугацаанд өөрийгөө гэмтээх шинж тэмдэг илэрвэл OpenAI компаниас эцэг, эхэд нь мэдэгдэх бөгөөд ноцтой сэтгэлийн зовуурь, шинж тэмдэг илэрвэл цахим шуудан, текст мессеж, бүр өөрсдөө зөвшөөрвөл утсанд нь мэдэгдэл илгээх боломжтой гэжээ.


Өсвөр насны хүүхдүүд амьдралынхаа хүнд цаг үед болж буй зүйлсээ ChatGPT-т бичдэг учраас эцэг, эх нь байхгүй, холбогдох боломжгүй үед хүүхдэд тусламж үзүүлэх цагдаа, яаралтай тусламж руу холбох боломжтой болгохоор ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн наймдугаар сард Калифорнид 16 настай хүүхэд амиа хорлосон бөгөөд ChatGPT чатбот талийгч хүүг амиа хорлох талаар мэдээлэлтэй байсан ч эцэг эхэд нь мэдэгдээгүй, бүр зөвлөгөө өгсөн хэмээн хүүгийн эцэг, эх шүүхэд хандсан юм. Үүнээс гадна хэд хэдэн ийм тохиолдлууд гарсан байна. Тиймээс OpenAI компаниас уг асуудалд анхаарч, арга хэмжээ авахаа зарлаад байсан билээ.


Түүнчлэн OpenAi компаниас 18-аас доош насны хүүхэд ChatGPT хэрэглэж байгаа тохиолдолд автоматаар хязгаарлалттай агуулга харагдахаар тохируулга хийжээ. Өөрөөр хэлбэл 15 настай хүүхэд болон насанд хүрсэн хүн хоёр ижил төрлийн асуулт асуухад харагдах хариулт нь өөр өөр байх аж. Гэхдээ эдгээр тохируулгууд нь зөвхөн бүртгүүлсэн хаягаар нэвтэрсэн тохиолдолд л ажиллах юм. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хиймэл оюун ухааныг зөвөөр хэрэглэх талаар ярилцахыг тус компаниас уриалжээ.


Comments


bottom of page