top of page

"Because I am a boy" 1000 хүүхэд оролцсон чуулган боллоо

  • 15 hours ago
  • 2 min read

3 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан Соёлын төв өргөөнд 1000 хүүхэд оролцсон "Because I am a boy" буюу "Би хөвгүүн болохоор" чуулган болж өнгөрлөө.

Чуулганаар “Хил хязгаараа тогтоох нь” сэдвээр “ONDO” ХХК-ийн захирал Б. Мандуул, “Чимээгүй ганцаардахгүй” сэдвээр хуульч Г. Оюунболд, “Асуудлыг даван туулах нь” сэдвээр ЦЕГ-ын цагдаагийн ахлах дэслэгч Х. Эрдэнэтулга нар илтгэл танилцууллаа. Улмаар эдгээр сэдвүүдийн хүрээнд өсвөр үеийн хүүхдүүдийн үзэл бодол, санал бодлыг сонсох боломж бүрдүүлж хариу илтгэлийг мөн хэлэлцүүллээ. 106-р сургуулийн сурагч, Монголын Сайн Дурынхны Төвийн V Club-ийн гишүүн  Ж.Лхагвасүрэн, мөн тус төвийн зохицуулагч Б.Оюундарь, Сант Лизе сургуулийн 12-р ангийн сурагч, Хөвгүүдийн зөвлөлийн төлөөлөл Д.Лувсандорж нар хүүхдүүдийн төлөөлөл болж тайзан дээр үзэл бодлоо илэрхийллээ.

Илтгэгч нарын ярианаас онцлох санааг ишлэл болгон хүргэж байна.

Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Ц.Цэвэлмаа:

"Ээжүүд та нарт хайртай, аавууд та нарт хайртай, найзууд чинь бүгдээрээ та нарт хайртай шүү."

"Сайн дураараа байна гэдэг бол хүмүүс бие биедээ туслахын сайхныг ойлгохыг, хүмүүс бие биедээ нинжин сэтгэл гаргасныхаа хариуд ямар их баяр хөөр мэдэрдэгийг хэлж байгаа юм."

"Бахархал, үнэт зүйл, өөрийн гэсэн итгэл үнэмшил сайн үйлсээр дамжин божиж хөгждөг."

УИХ-ын гишүүн М.Мандхай:

"Хүүхдийг ер нь чөлөөтэй, айдасгүй, хамгийн гол нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж найз нөхөдтэйгөө ханддаг болгох хэрэгтэй."

"Хэрэв гэр оронд аав ээж нь сайн сонсож чаддаггүй бол хэн нэгэн найз дээрээ очоод өөрийнхөө сэтгэлийг гаргаж, магадгүй шаардлагатай бол уйлж сэтгэлээ онгойлгож дэмжлэг авдаг байх нь маш чухал асуудал юм."

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

"Өөрийн мэдрэмжийг гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа хуваалцаж, таатай, таагүй мэдэрч байгаагаа зоригтой хэлдэг, өөрийгөө илэрхийлж сураасай гэж хүсэж байна."

"Эр хүн шиг байхаас урьтаж, хүн байхыг та бүхнээсээ хүсэж байна."

"Өөрийгөө хайрладаг, өрөөлийг хайрладаг, сайныг дэмжиж, буруу зүйлийг буруу гэж хэлэх зоригтой байх хэрэгтэй."

"Ондо" компанийн гүйцэтгэх захирал Б.Мандуул:

"Хэрэв хэн нэгэн багш, сургуулийн системээр чамайг дүгнээд 'тааруухан сурагч байна' гэж хэлсэн бол энэ нь туйлын үнэн зүйл биш, зүгээр л заах арга нь таараагүйтэй холбоотой байж болно."

"Хэдий чинээ та өөртөө цаг зарцуулна, төдий чинээ өөртэйгөө илүү танилцаж, би юу чадах чадахгүйгээ мэдэх болно."

"Хэн нэгэн найз чинь дээрэлхүүлж байвал битгий чимээгүй орхи, аврах хэрэгтэй шүү."

Монголын Сайн Дурынхны төвийн V-club гишүүн Ж.Лхагвасүрэн:

"Нийгмээс ирж буй 'эр хүн байж байж уйлж болохгүй' гэх мэт дарамтаас илүү өөрийнхөөрөө байх нь илүү дээр".

"Сошиал орчноос ирж буй дарамтаас битгий айгаарай. Учир нь энэ бол чиний орон зай, чиний аккаунт, чиний өөрийгөө илэрхийлэх платформ юм".

"21-р зуунд бид нар ялгаварлах биш, харин бие биеэ хүндэлж, хайрлаж чаддаг хүмүүс байх хэрэгтэй".

Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтэн Х.Эрдэнтулга:

"Эцэг эхчүүд ээ, хүүхдээ 'цагдаа ирнэ' гэж битгий айлгаач. Хүүхдүүд чинь аюул тохиолдсон үед бидэнд хандахаас айдаг болчихдог".

"Чи чимээгүй тэвчиж өнгөрөөж болохгүй, аливаа хүчирхийлэл танд таагүй санагдаж байгаа бол түүнийг хэн нэгэнд заавал мэдэгдэх ёстой".

"Ангид байгаа хамгийн 'күүл' хүүхэд хэн бэ гэхээр бусдыг хүндэтгэж, сонсож, хайрлаж чаддаг хүүхэд л хамгийн гоё харагддаг".

Хөвгүүдийн Зөвлөлийн төлөөлөл Д.Лувсандорж:

"Бидний амьдралд асуудалгүй хүн гэж нэг ч байхгүй. Харин асуудалтай байна гэдэг нь тэр асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэж бодож, өөрийгөө хөгжүүлэх боломж юм".

"Хэрэв асуудал тулгарвал ганцаараа шаналж суух биш, найз нөхөд, аав ээж, сэтгэл зүйч гээд дотны хүмүүстэйгээ ярилцаж даван туулах хэрэгтэй".

"Хариуцлагатай байхын тулд үйлдлийнхээ эзэн байж, алдаагаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө байнга хөгжүүлдэг байх хэрэгтэй".



Comments


bottom of page