39 сургууль, цэцэрлэгийн барилгыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Боловсролын салбарт 2026 онд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнээс 39 сургууль, цэцэрлэгийн барилгыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ онд боловсролын салбарт нийт 1,924.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 302 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 77 төсөл, арга хэмжээг ондоо багтаан бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Нийт 77 төсөлд 33 сургуулийн барилга, 26 цэцэрлэг, нэг сургууль, цэцэрлэгийн цогцолбор, есөн дотуур байр, зургаан спорт заал багтаж байгаа бол Улаанбаатар хотод хоёр сургууль, гурван цэцэрлэг, нэг сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах боломжтой аж.
Боловсролын салбарт хэрэгжиж буй 302 төслийн ажлын дундаж гүйцэтгэл наймдугаар сарын байдлаар 68 хувьтай байгаа бөгөөд нийт 261 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Барилгын ажлын явцад захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төв хэрэгжүүлж буй юм.
Мөн цэцэрлэг, сургуулийн их болон урсгал засвар, тохижилтын ажлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургалтын байгууллагын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөжээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар



Comments