top of page

20 сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сурвалжагчид хүүхдийн эрхээр мэргэшиж, батламж авлаа

  • 16 hours ago
  • 2 min read

Өнөөдөр /2026.04.29/ ХГБХХЕГ болон хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй” сэтгүүлч, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн хаалт болж, оролцогчид батламжаа гардаж авлаа.

Дөрвөн долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн тус сургалтаар оролцогчид хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээлэх арга зүй болон хүүхэд хамгааллын тогтолцооны талаарх мэдлэгээ ахиулсан юм. Ийнхүү "Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй" хөтөлбөрийн хүрээнд нийт 18 сэтгүүлч, нэг зураглаач, нэг гэрэл зургийн сурвалжлагчид хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшиж, батламж гардаж авлаа.

Сургалтын эхний долоо хоног. ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг 
Сургалтын эхний долоо хоног. ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг 

Хөтөлбөрийн эхний долоо хоногт хүүхэд хамгааллын тогтолцооны үндэс, ХГБХХЕГ-ын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын төсөв, хүүхдийн эрхийн улсын байцаагч болон нийгмийн ажилтны үүрэг оролцооны талаарх мэдээллийг ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн, Сургалт, судалгааны төвийн захирал М.Чанцалсүрэн нар өглөө.

Сургалтын хоёр дахь долоо хоног. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлэл харилцааны ахлах мэргэжилтэн Д.Ариунзаяа
Сургалтын хоёр дахь долоо хоног. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлэл харилцааны ахлах мэргэжилтэн Д.Ариунзаяа

Хоёр дахь долоо хоногт хүүхдийн төсвийн ил тод байдал, төсөв дэх иргэд, сэтгүүлчдийн оролцоо сэдэвт төвлөрч НҮБ-ын Хүүхдийн Сангийн Нийгмийн бодлогын ахлагч Б.Мөнхтуул "Хүүхдэд чиглэсэн төрийн санхүүжилт", Монголын Залуучуудын Эвсэл ТББ-ын төсвийн хөтөлбөрийн зөвлөх З.Энхбаяр “Хүүхдийн төсвийг мөшгөх нь” сэдвээр мэдээлэл танилцуулав. Мөн Child.mn/Хүүхэд.мн сайтын үүсгэн байгуулагч, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга "Хүүхдийн эрхийн талаар мэдээ, сурвалжилга бэлтгэх үндсэн зарчим ба асуудлын суурь шалтгааныг зөв олох нь" сэдвээр, мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн хүүхдийн чиглэлээр ажиллаж буй сайн туршлагаас тус байгууллагын мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн Д.Ариунзаяа нар тус тус мэдээлэл өгсөн юм.

Сургалтын гурав дахь долоо хоног. ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан
Сургалтын гурав дахь долоо хоног. ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан

Харин гурав дахь долоо хоногт Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн эрхийн чиглэлд хэрхэн ажилладаг болон Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний 25 дахь илтгэлд туссан хүүхэд хамгааллын тогтолцооны зарим асуудлын талаар гүнзгийрүүлэн судлав. Тус мэдээллийг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан өглөө. Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээлэх арга зүй хичээлийг Child.mn/Хүүхэд.мн сайтын үүсгэн байгуулагч, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга орлоо.

Сургалтын 4 дэх долоо хоног. ГБХНХЯ-ны шинжээч Ж.Азжаргал
Сургалтын 4 дэх долоо хоног. ГБХНХЯ-ны шинжээч Ж.Азжаргал

Хөтөлбөрийн сүүлийн долоо хоногт ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул болон Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргал нар “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон хүүхэд хамгааллын тогтолцоо, хэрэгжилт, хяналтын талаар мэдээлэл танилцуулсан юм. Түүнчлэн Child.mn/Хүүхэд.мн сайтын үүсгэн байгуулагч, хүүхдийн эрхийн сэтгүүлч А.Уянга “Хүүхэдтэй холбоотой мэдээ мэдээлэл бэлтгэхдээ сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдаа, хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр мэдээ бэлтгэх арга зүйн талаар хичээлийг орсон юм.



Comments


bottom of page