top of page

Сэтгэл зүйчийн өрөөнд #3 Айлын том хүүхдийн сэтгэл зүйг анхаарах нь 


Child.mn сайтын сэтгэл зүйч, нийтлэлч Б.Халиуны бэлтгэн хүргэж буй "Сэтгэл зүйчийн өрөөнд" ээлжит дугаарыг хүлээн авна уу. Энэ удаа айлын том хүүхдийн сэтгэл зүйн талаар зөвлөгөөг хүргэж байна.


Айлын том хүүхэд гэхээр уншигч таны толгойд ямар дүр зураглал бууж байна вэ? Нас наснаас хамааран айлын том хүүхдүүд ихэнх тохиолдолд хариуцлага хэмээх үүрэг сууж, дүүгээ харж хандах, эцэг эх, асран хамгаалагчийг эзгүйд тэдний үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн үзэл толгойд нь суусан байх нь элбэг. Ийм үүрэг хариуцлагыг эцэг эхчүүд ухамсаргүйгээр эсвэл санамсаргүйгээр том хүүхдэдээ “суулгадаг” байна. “Бид нар бага байхдаа дүүгээ өсгөж гэрийн ажлаа хийдэг байсан юм” гэх өөрсдийн өсөж торнисон цаг үетэй харьцуулдаг. Хэдий үүрэг хариуцлага хүлээж сурна гэдэг сайн талтай ч нөгөө талаараа хүүхдэд түгшүүр стресс үүсэж тэдгээр нь тархины хөгжил сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг. Иймд эцэг эхчүүддээ гол анхаарах зөвлөмжийг хүргэж байна. 



Хэрэв таны хүүхэд айлын том бол :

  • Та хүүхдээ хүүхэд гэдгийг ухамсарлах. Тэд танин мэдэхүй болоод бие махбодын хувьд бүрэн гүйцэт төлөвшиж боловсорч амжаагүй тул хийж гүйцэтгэх үйл ажиллагаа ч бас хязгаарлагдмал гэдгийг та өөрөө эхлээд ухамсарлах, анзаарах. 


  • Дүү нар нь буруу хэрэг хийхэд айлын томыг загнаж зэмлэдэг шүү дээ. Энэ тохиолдолд айлын том хүүхэд стресс түгшүүрээс шалтгаалан  дүүгээ буруутгах бол эсрэгээрээ дүү нар нь түүнийг үл тоомсорлож, ах дүүс/эгч дүүс хоорондоо харилцахад хүндрэл үүсдэг. Иймд бусдын өмнөөс хариуцлага хүлээлгэхгүй байх хэрэгтэй. 


  • Мөн тэд эцэг эхийгээ эзгүйд тэдний үүрэг хариуцлагыг өөртөө аван, ээж, аавынхаа сайшаал магтаалыг сонсох гэж сайн охин, хүү байх гэж өөрөө дийлшгүй хөдөлмөрийг гүйцэтгэх нь бий. Иймд эцэг эхчүүд та бүхэн хийгээгүй зүйлсийг тодотгон буруутгаж загналгүйгээр хийж чадсан зүйлсийг сайшааж магтах нь хамгийн зөв үйлдэл. 


  • Бага насны хүүхэд ч бие болоод сэтгэл зүйн хувьд ядардаг тул хүүхдэд тохирсон амрах цаг гаргаж өгч байгаарай. 


  • Хүүхэд сурч боловсрон хөгжих, танин мэдэхүйгээ тэлэх, найз нөхөдтэйгөө харилцаж, нийгэмших чадвараа нэмэгдүүлэх, бусадтай харилцах хэрэгцээ байдгийг ойлгон, тусгайлан цаг гаргаж өгөөрэй. 


Хүүхдийн зан араншин, төлөвшилд нийгмийн бусад хэсэг бүлгээс илүүтэй гэр бүл, эцэг эхийн харилцаа хандлага маш ихээр нөлөөлдөг тул эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ ойлгож, хүндэтгэж харилцаж буйгаа мэдрүүлэх нь хүүхдэд насанд нь тохирсон гэрийн ажлыг хялбар болгож “хийх ёстой, миний үүрэг хариуцлага бус” , “ээж аав гэр бүлдээ тусалж байна” хэмээх сэтгэхүйг суулгахад тусалдаг байна. 


0 comments

Commentaires


bottom of page