Child.mn сайтын гэрэл зурагчин Д.Занданбатын бэлтгэн хүргэж буй “Зам” фото сурвалжилгын анхны дугаарыг уншигч танд хүргэж байна.
Дөрөв дүгээр ангийн сурагч хүү өглөө бүр хоёр автобусны буудал зайд бэртэж, гэмтэх, бүр амиа ч алдах магадлалтай таван эрсдэлийг даван байж, сургуульдаа очдог. Хүүхэд бол бидний ирээдүй гэж уриа лоозон мэт хэлдэг боловч бодит байдал дээр Улаанбаатар хүүхдэд хамгийн ээлгүй хот болоод олон жилийн нүүрийг үзээд буй.
Хүүгийн гэр бүл дөрвөн жилийн өмнөөс Баянгол дүүрэгт шилжин, суурьшжээ. Гэвч одоо хүүхдэд ээлтэй орчин нөхцөлтэй өөр дүүрэгт шилжин амьдрах талаар бодох болжээ. Түүний ээж хүүгийнхээ сургууль хүрэх замд туулдаг хэцүүхэн нөхцөл байдлын талаар ингэж ярилаа.
"Хүүдээ сургууль руугаа хоёрхон буудал юм чинь алхаад яваарай гэх ямар ч боломжгүй. Ганцааранг нь явуулна гэхээс маш их сэтгэл зовдог. Яагаад гэхээр зам их хэцүү, бартаатай, зарим газар нь засах, солих ажил нь дуусаагүй. Пургисан их шороотой, дэгэл доголтой, траншейны нүхтэй, чулуутай."
"Яаж ийгээд цааш даваад ингээд алхъя гэж бодоход ерөөсөө хорооллын энэ ар талын замаар гэв гэнэтхэн л машинууд гарч ирдэг. Хорооллын байран дундаас машинууд уруудаад л гараад ирдэг. Ялангуяа өвөл халтиргаатай үед шууд гулгаад л явган хүний зам руу, явган хүний гарц руу шууд гулгаад л орж ирээд л, замтайгаа нийлдэг."
"Бас нэг хэцүү зүйл нь явган хүн явах ямар ч боломжгүй, зайгүй болгоод явган хүний зам дээр, замд тулгаад л битүү машин тавьчихсан байдаг. Сүлжиж явахаас өөр аргагүй. Муугаар бодоход гэв гэнэт л машин хөдлөхөд хүүхэд бол холдож амжихгүй л мөргүүлнэ. Бараг хотын төв газраа ийм байна гэдэг үнэхээр хэлэх үг олддоггүй."
“Яг хорооллын ар талд бол явган хүн явна гэж тооцож ерөөсөө зам гаргаагүй. Явган хүнийг нь шахаад байрнуудын нэг давхрыг ингээд үйлчилгээ худалдааны төв болгочихсон, шахаад шахаад барьчихсан. За тэгээд дахин төлөвлөлтөөр барьж байгаа дуусгаагүй барилгууд замд нь бас таардаг. Дөнгөж бариад бариад орхичихсон. Хашаа хороогүй. Барилгаа бариад байгаа юм уу? Орхичихсон юм уу? Буулгаад хаячихсан юм уу? Гэмээр дутуу хаячихсан газрууд олон.”
"Дутуу бариад, тохижуулаагүй хаячихсан энэ газруудад гэр хорооллын нохой олон. Хүүхэд ганцаараа явж байгаад хазуулчих вий гэж их айдаг. Саяхан охины ангийн хүүхэд нүүрээ нохойд уруулсан байсан. Ёстой хэцүү. Болоогүй ээ бас явах замд нь согтуу, хөлчүү хүн ихтэй. Өглөө бүр л архи уусан, тасарсан, хоорондоо муудалцсан хүмүүс байж байдаг. За тэгээд тэр барилгын чулуу, цемент, хог новш овоолоод хаячихсан болохоор их хүнд байдаг"
"Манайх ес, дөрөв дүгээр ангийн хоёр хүүхэдтэй. Ийм аймар эрсдэл дундуур хүүхдээ ганцаараа алхаад сургуульдаа яваарай гэж хэлэх ямар ч боломжгүй. Хүүхдээ хөтлөөд амар тайван алхаад явах ч нөхцөл алга. Хаанаас ямар машин, нохой, шувуу, согтуу хөлчүү хүн гараад ирэх бол гэсэн айдас үргэлж дагаж байна шүү дээ" гэлээ.
Энэ бол зөвхөн ганцхан айлын хүүхэд өглөө хичээлдээ очиж, эрдэм номтой хүн болж өсөж торнихын тулд юу туулж буйг нэмэлт хачиргүйгээр харуулсан зураглал юм. Үүнтэй адил олон мянган өрхийн хүүхдүүд асар их эрсдэлд дунд амь өрсөн нийслэл хотод амьдарч байна.
Аминаасаа илүү хайрлаж буй үрсээ аюулгүй байлгах нь эцэг эхийн үүрэг мөн ч гэлээ татвар төлөгчдийн мөнгийг таатай орчин бүрдүүлэхэд зарцуулах, Монгол улсын иргэнээ аюулгүй амьдрах нөхцөлөөр хангах нь төрд ажиллаж буй алба хаагчдын, албан тушаалтан бүрийн цаашлаад ТӨРийн ҮҮРЭГ билээ.
ХҮҮХЭД БҮР ЭСЭН МЭНД ТӨРЖ, ӨСӨЖ, ХӨГЖИХ ЭРХТЭЙ!
Comments