Эцэг, эхийн хувьд хүүхэдтэйгээ ярилцаж ойлголцоно гэдэг маш чухал үүрэг байдаг. Тиймээс манай child.mn сайтаас “Сэтгэл зүйчийн өрөө” буландаа хүүхэд бүрийн нас болон сэтгэл зүйн онцлогт тохирсон сэтгэл зүйчийн зөвлөгөөг цувралаар хүргэж байна.
Энэ удаагийн дугаарт child.mn сайтын зөвлөх сэтгэл зүйч Б.Халиун гурав хүртэлх насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаарх редакцид ирүүлсэн түгээмэл асуултад мэргэжлийн зөвлөгөө өгсөнийг уншигч танд хүргэж байна.
Бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог ямар байдаг вэ?
Хүүхэд эхийн хэвлийд байх цагаасаа эхлэн орчны мэдээлэл хүлээн авч, суурь хүмүүжлийн эхлэл тавигддаг . Тодруулбал хүүхдийн бага нас суурь орчин, гэр бүлийн хүмүүжлээс эхлэн цаашдын амьдрал шийдэгддэг тул 0-3 нас нь маш онцгой үе хэмээн үздэг. Энэ үед бага насны хүүхдийн тархи хамгийн уян байдаг бөгөөд энэ нь хүүхдийн бие бялдар, оюуны хөгжил, насан туршдаа суралцах, дасан зохицох чадварын сэтгэл зүйн үндэс, суурь болдог гэсэн үг. Энэ үед эцэг эх онцгой анхаарах, хүүхдээ ажиглах хэрэгтэй.
Нярай хүүхдийн тархины хэмжээ насанд хүрэгчдээс гурав дахин бага, гурван настайд насанд хүрэгчдээс 2 дахин идэвхтэй ажилладаг онцлогтой. Цаг хугацаа өнгөрч өсөж бойжихын хэрээр холбогдоогүй нейронууд гадаад орчноос мэдээлэл авч, түүнийгээ боловсруулж сурч авснаар салбарлаж, өөр хоорондоо холбогдож шинэ зүйлсийг асар хурдтай сурч эхэлдэг.
Хүүхэд хэлд орох үед ээж, аав нь хэрхэн дэмжиж, туслах хэрэгтэй вэ?
Хүүхэд 6-7 сартайгаасаа эцэг эхийнхээ ярианы хэмнэл, үгийн бүтэц зэргийг ялгаж, тархиндаа мэдээллийг хадгалснаар өөрийн ярианы хэлбэрийг бүрдүүлдэг. Төдий чинээ хүүхэдтэйгээ харилцаж ярилцана тэр хэрээр хүүхдийн хэл ярианы хөгжил түргэн хугацаанд явагдана. Сүүлийн үед эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь хүүхдэдээ зурагт, ухаалаг утах их үзүүлдэг. Баган насны хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байгаа нь хэл ярианы хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд ухаалаг утас, зурагт үзүүлэхдээ цагийн хязгаар зааж өгөхөөс гадна “хэлээ хазаж” ярихаас зайлсхийж зөв тодорхой намуухан өнгөөр харилцах нь чухал юм. Гурав хүртлэх насны хүүхэд нэрлэсэн зүйлсийг заах, биеийн хэсгүүд, бусдын хэлсэн зүйлсийг давтан хэлэх зэрэг хэл ярианы чадварууд илүү хөгждөг.
Манай хүүхэд юу мэдэрдэг вэ. Сэтгэл зүйн байдлыг нь хэрхэн ажиглаж, мэдэх вэ?
Бага насны хүүхэд эерэг болон сөрөг хэмээх сэтгэл хөдлөлүүдийг шууд өөрийнхөөрөө илэрхийлдэг. Таагүй санагдаж, өлсөж, уурлахаараа уйлдаг харин эерэг сэтгэл хөдлөлтэй байвал инээмсэглэж баярлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Хүүхдийг хайрлаж энхрийлэх тусам эерэг сэтгэл хөдлөл мэдрэмж үүсэж үүнийгээ даган тархины хөгжил эрчимтэй явагддаг бол айж, түгшин таагүй сэтгэл хөдлөлүүдийг мэдэрснээр тархины эс цөөрч өөртөө итгэлгүй түгшүүр айдастай болох сөрөг үр дагавартай.
Хүүхдээ багаас нь сэтгэлзүйн "дархлаа"-тай болгож хүмүүжүүлэхэд юун дээр анхаарах вэ?
Гурав хүртэлх насанд хүний сэтгэл зүйн дархлаа үүсдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэд аль болох таатай, тухтай, аюулгүй, амгалан орчин нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал. Мөн дараагаар эцэг, эх хүүхдэдээ чанартай цаг зарцуулж сэтгэл зүйн хувьд эерэг дэмжлэгүүдийг үзүүлж аливаа шинэ зүйлсийг хамтдаа турших нь эцэг, эх болон хүүхдэд адал явдалтай аялал болно.
Тархи хөгжихийн хэрээр хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн хүчтэй илэрдэг. Хүүхэд өөрийн нүүрний хувирал, дохио зангаа үйл хөдлөлөөрөө насанд хүрэгчдийн анхаарлыг өөртөө татах гэж оролддог. Харин томчууд түүнтэй уян зөөлнөөр хандах, инээмсэглэх, хүссэн үйлдлийг нь хийж өгснөөр хүүхдийн бусадтай харилцах харилцааны эхлэл суурь тавигдаж, хүүхэд цаг ямагт даган дуурайж суралцаж байдаг. Энэ эгзэгтэй, эмзэг үед нь анхаараагүй тохиолдолд хүүхэд хожим зан төлөвийн хувьд өөртөө болон бусдад итгэлгүй, айдас түгшүүртэй, суралцахуйн хувьд бусдыг даган дуурайсан, өөртөө итгэлгүй зэрэг ялгаатай байдал илэрдэг. Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг нарийн ажиглаж, зан төлөвд нь анхаарал хандуулсанаар түүний баяр хөөртэй, хамгаалагдсан, өөртөө болон орчиндоо итгэлтэй бие хүн болоход эерэг нөлөө үзүүлэх юм.
Уншигч та хүүхдийн сэтгэлзүйтэй холбоотой асуудал байвал манай редакцид хандаж бидэнд асуултаа илгээгээрэй. “Сэтгэлзүйчийн өрөө” булангаар дамжуулан бид тантай нийтлэлээрээ хариултыг нь өгнө.
Comments