Child.mn сайт редакцын бодлогоо танилцууллаа
- child.mn
- May 19
- 2 min read
Updated: May 20

Монгол хүүхдийн дээд эрх ашгийг редакцын бодлогын төв болгон тодорхойлсон www.child.mn сайт өнөөдөр албан ёсны нээлтээ хийж, редакцын бодлогоо олон нийтэд танилцууллаа. Түүнчлэн албан ёсны нээлтээ хийж буй энэ өдрийг жил бүр хүүхдийн эрхийн сэтгүүлч, сурвалжлагчдын чуулах өдөр болгон, цуврал арга хэмжээг зохион байгуулж байхаар тогтлоо.

Арга хэмжээг нээж ХЭҮК-ын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан Ж.Хунан үг хэллээ. Тэрээр "Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, НҮБ-ын баталсан Хүүхдийн эрхийн конвенц хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд 35 жилийн ой тохиож байгаа энэ жилд Монгол улсад анх удаа хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажиллах мэргэшсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрж байгаа нь их бэлгэшээлтэй юм. Өнөөдөр Монгол улсад хүүхэд нэгдүгээрт байх зарчим алдагдсан. Хүүхдүүдийн үзэл бодол дуу хоолой тэр болгон гарахгүй байна. Энэ нь эргээд хүүхдийн эрх зөрчигдөх нэг шалтгаан нөхцөл гэж хэлж болно. Ийм цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бас нэг чухал үүрэг бол олон нийтийг соён гэгээрүүлэх. Ялангуяа энэ хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг зүйлийг дэлгэрүүлэх их чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд Child.mn сайт манлайлал үзүүлнэ гэж харж байна" гэлээ.

Child.mn сайтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Уянга "Танайх Child.mn юм чинь хүүхдэд зориулсан контент хийдэг үү? гэдэг одоо асуултыг их асуудаг. Манайх хүүхдэд зориулсан контент биш хүүхдийн дуу хоолойг томчуудад хүргэх зорилготойгоор байгуулагдсан. Миний хувьд мэдээний сэтгүүлчээр бараг 7 жил ажиллах хугацаандаа Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв гэдэг байгууллагын хэрэгжүүлсэн "Урагш алхъя" төсөлд хамрагдсан. Ингээд хүчирхийлэлд өртсөн охидын дуу хоолойг олон нийтэд хүргэх "Охидын подкаст"-ыг хөгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш гурвал жил орчим ажилласаар, хөгжүүлсээр өнөөдөр бодлогоо танилцуулж буй манай Child.mn сайт бий болсон түүхтэй. Манай редакцын бодлогын гол үзэл баримтлал бол Монгол хүүхдийн дээд эрх ашгийг ямагт нэгт тавих. Үүнд хүүхдийн хөгжил, хамгаалал, эрхийн асуудлыг цогцоор авч үзнэ. Ингээд энэ үнэт зүйлээ баримтлан бид сэтгүүл зүйн бүтээлээр дамжуулан хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх, хүүхэдтэй холбоотой асуудлаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад нөлөөлөх зорилгуудыг тодорхойлон ажиллаж байна" гэв.
Комментарии