top of page

7 настай төрсөн хүүгээрээ хурдан морь унуулж, уралдааны явцад хүү энджээ


Гэрэл зургийг Д.Давааням. 2015 оны Дүнжингарав хурдан морины уралдаан
Гэрэл зургийг Д.Давааням. 2015 оны Дүнжингарав хурдан морины уралдаан

“Өвөл, хавар уралдаан хийх гээд байгаа юм бол уяачид өөрийн хүүхдээр унуул!” гэж хүүхдийн эрхийг хамгаалах гэсэндээ аргаа барсан зарим иргэд дуугарч байгаа харагддаг. Гэвч эцэг эх нь хүртэл хүүхдийн дээд эрх ашгийг нэгт тавихгүй бол төр төрсөн эцэг, эхээс нь хүртэл хүүхдийг хамгаалах үүрэгтэй юм. Үүнийг нуршиж байгаагийн учир нь өөрийн төрсөн хүүхдээрээ хурдан морь унуулж, 7-р сард болсон наадмын уралдаанд оролцох үед хүү мориндоо чирэгдэж нас баржээ. 

Монгол улсын хэмжээнд 2019 оноос 2024 оны 5-р сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд хурдан морины уралдааны үед хүүхэд хохирсон хэргийг Эрүүгийн хуулиар шийдсэн 9 тохиолдол байна. Үүний нэг нь 2024 оны 4-р сарын 18-нд …..аймгийн сум дундын шүүхээр шийдсэн, дээр дурдсан харамсалтай хэрэг юм. Уралдаанаас өмнө хамгаалалтын хувцас хэрэгслэл дутуу буюу хамгаалалтийн малгайгүй хүүхэд байгааг харсан ч зарим алба хаагчид чиг үүргийн асуудал биш учраас тухайлан анзаараагүй, харагдаж байсан зэргээр мэдүүлэг өгчээ. Гэтэл угтаа стандартын дагуу хамгаалах хувцас хэрэглэл өмсүүлэх нь асар чухал юм. 


Тус хэргийн насанд хүрсэн гэрч нэг “2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүдлэн насны морийг гараанаас гаргачхаад эмнэлгийн машинтай дагаад явж байтал урьд явсан хоёр морь эргэлдэж байгааг хартал нэг мориноос нь хүүхэд нь чирэгдчихсэн байсан, намайг очих үед мориноос хүүхдийг салгасан хүүхэд хэн гэдэг нь танигдахгүй, нүүр нь шороо болчихсон, хамар амнаас нь цус гарсан, ухаангүй байдалтай байсан. Хүүхэд ноосон өмд, цамц өрөөсөн хөлдөө урт түрийтэй бакалан гуталтай, хамгаалалтын хувцастай, түүний унаж чирэгдсэн газрын орчимд хамгаалалтын малгай харагдахгүй байсан. Түүний духны хэсгийн шарх нь памбалзаж зөөлөрсөн, амьсгал тасалдсан, хоржигнож дуугарсан, амьсгал сонсогдохгүй, зүрхний авиа сонсогдохгүй, захын судсанд пульс ганц нэг сул тэмтрэгдэнэ, хэвлийн зөөлөн өмд норсон, өтгөн шингэн гарсан байсан” хэмээн мэдүүлжээ. 


Мөн тус гэрч нэг “Хүүхдүүдийг хамгаалалтын хувцсаа бүрэн өмссөн эсэхийг шалгаагүй, морьдыг бүртгэж шүдлэх үед морины комиссынхон хувцас хэрэгслийг нь давхар шалгадаг болохоор эмнэлгийн байгууллага хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн гүйцэт өмссөн эсэхийг шалгах үүрэг хүлээдэггүй, харин унаач хүүхэд мориноос унаж гэмтсэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Морьд гараанаас гарах үед хамгаалалтын малгайгүй хүүхдүүд харагдаад л байсан. Хамгаалалтын хувцсаа өмссөн эсэхийг тухайн үед анзаарч хараагүй” хэмээн мэдүүлжээ.  


Насанд хүрээгүй гэрч нэг “Гараанаас гараад …. миний урд морьтойгоо явж байтал буруу талынх нь дөрөө нь мултраад морь нь бүдрэнгүүт урагшаа даваад унасан, гэтэл зүүн талынх нь дөрөөнөөс хөл нь мултрахгүй чирэгдчихсэн. Хойноос нь харахад ….. мориноосоо салахгүй, мориндоо гишгэгдээд, газарт чирэгдээд байсан тэгэхээр нь би хойноос нь хөөж очоод мориных нь жолооноос барьж аваад зогсоох гэсэн боловч чадаагүй, тэгсэн хойноос чиглүүлэгч машин ирж зогсоод хүмүүс гүйж ирээд …-н унаж явсан морийг барьж аваад …-г мориноос салгаж авах гэсэн боловч дөрөөнөөс хөл нь мултрахгүй лав орчихсон татаж байгаад гутлаас нь хөлийг нь сугалж авсан. Тэгэхээр нь би цааш уралдаанаа үргэлжлүүлээд морьдын хойноос нь давхисан. …..хамгаалах малгай өмсөөгүй байсан бөгөөд бусад хамгаалах хэрэгсэл болох цээживч, өвдгөвч, тохойвч зэргийг өмссөн байсан... Зарим нэг хүүхдүүд хамгаалалтын хувцсыг өмсөөгүй, зарим хүүхдүүд дутуу өмссөн байсан” хэмээжээ. 


Хэргийн насанд хүрсэн гэрч тав Морин уралдааны явц эхлэх үед шүдлэгээний үед морь унах хүүхдийн нэр, уяачийн нэр, номер, дугаар, хүүхдийн нас, хамгаалалтын хувцас, даатгалын талаар асууж бүртгэл хийж байсан. Тухайн шүдлэн насны морины уралдааны үед бүртгэлийг хэн бүртгэсэн талаар мэдэхгүй байна... ” гэжээ. 


Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч “....нь гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь ясны шугаман хугарал, аман хүзүүний мултрал, нугас дарагдал гэмтлийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт..." гарсан гэжээ. 


Улмаар тухайн хэрэгт талийгч хүүгийн төрсөн эцэг өөрийн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн 10.6-н 1 дэх зүйл ангиар шалгагдаж, түүнд хоёр жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оноосон байна. Мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тэнссэн хугацаанд “Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрэм”, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264-2018 стандарт”-ыг судалж мэдэх үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар дээрх хугацаанд хурдан морь уралдуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


Эрүүгийн хууль

10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Талийгч хүү зуны цагт, баяр наадмын уралдаанд оролцсон боловч харамсалтайгаар өөд болсон байна. Энэ хэргээс харахад өвөл, хаврын цагт хурдан морины уралдаанд бэлдэх, үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулахгүй байх нь хүүхдийн амь насыг ямар хэмжээний аюулаас хамгаалж байгаа шийдвэр болох нь харагдаж байна.


Тиймээс Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн эсвэл болон Монголын залуучуудын эвсэл ТББ-аас uih.mn сайтын нийтийн өргөдөл хэсэгт хаврын морин уралдааныг сэргээх Засгийн газрын шийдвэрийг батлахгүй байхыг хүссэн өргөдлийг үүсгэжээ. Та энд дарж, нэр, имэйл хаягаа бүртгүүлж, мэйлээр ирсэн линкээ дарж баталгаажуулснаар гарын үсгээ зурж, уг өргөдөлд нэгдэх боломжтой юм.


Хүүхдийн эрх нэгдүгээрт!

Эх сурвалж: www.shuukh.mn

0 comments

Comments


bottom of page