
Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашин Төв аймгийн замд осолдсон тухай өмнө нь мэдээлсэн. Энэ ослын улмаас зургаан хүн харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Тэгвэл ослоос амьд үлдсэн долоо болон 14 насны хоёр хүүхэд биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархайн дээд хана болон баруун хоншоор яс нь хугарчээ. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарал болон дунд чөмөг, шилбэний ясны хугарал зэрэг хавсарсан гэмтлийн оноштойгоор эмчлүүлж байна. ГССҮТ-өөс шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.
Эрүүл мэндийн яамнаас эмгэнэл илэрхийллээ.
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч Жигжив овогтой Хүчитбаатар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хангамж үйлчилгээний тасгийн жолооч Бямбаа овогтой Энхболд нар нь 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгсөж Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хүнд гарз тохиолоо.
Мөн тээврийн хэрэгсэлд хамт зорчиж яваад таалал төгссөн иргэдийн гэр бүл, үр хүүхэд, ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
Comments