3 настай хүүхдийн амь насыг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
- Jun 10
- 1 min read

Баянгол дүүргийн прокурорын газраас 3 настай хүүхдийн амь насыг хохироосон М.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, М.Э нь 2023 оны 3-р сарын 6-ны шөнө 3 настай дагавар хүүгээ биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хүчиндэхийг завдсан бөгөөд үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож, улмаар амь насыг нь хохироосон байдаг. Мөн төрсөн эх Ц.Л нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн яаралтай тусламжид цаг алдалгүй мэдэгдээгүй улмаас хүүхэд нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.
Прокуророос М.Э-д эрүүгийн хуулийн 12.1-р зүйлийн 4 дэх хэсэг, 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтуудаар, харин хүүгийн ээж Ц.Л-д эрүүгийн хуулийн 16.11-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс М.Э-д дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин хүүхдийн төрсөн эх Ц.Л-д дээрх гэмт хэрэгт буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Прокурорын байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ асран хамгаалах хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хуулийн 16.11-р зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.



Comments