Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн тарьсан ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэдэг болжээ
- Apr 16
- 2 min read
Updated: Apr 17

Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрийн Үндэсний X чуулган өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж ерөнхий боловсролын 380 сургууль, 278 цэцэрлэг, мэргэжлийн боловсролын 13 байгууллага хамрагдлаа.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 12-р цэцэрлэгийн эрхлэгч А.Нарандэжид: Манай цэцэрлэг “Эко” хөтөлбөрийн хүрээнд гадна орчны тохижилтыг сайжруулж, хүүхдийн тоглоомын болон биеийн тамирын талбайг шинэчилсэн. 3-5 насны хүүхдүүд маань эцэг эх, багш нартайгаа хамт жил бүр мод тарихаас гадна хүлэмжид хүнсний ногоо тарьж ургуулах арчлах, хураах үйл явцад биечлэн оролцдог. Өөрсдийн тарьсан ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь хүүхдүүдэд өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрүүлж маш их баяртай байгаа нь харагддаг. Мөн эцэг эхчүүд ч зөв хэрэглээ, зөв дадлын ач холбогдлыг ойлгон идэвхтэй хамтарч ажиллах болсон. Үүний үр дүнд манай цэцэрлэг сүүлийн гурван жил дараалан 93 хувиас дээш гүйцэтгэлийн үнэлгээтэй ажиллаж байна.”

Дорнод аймгийн Хэрлэн сумын 14-р цэцэрлэг сургалтын хэрэглэгдэхүүнээ дахин боловсруулсан материалаар хийжээ. Энэ талаараа тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Нарантуяа “Манай цэцэрлэг энэхүү хөтөлбөрт гурав дахь жилдээ амжилттай хамрагдаад байна. Багш, ажилчид маань байгалийн болон дахин боловсруулсан материалаар 3000 гаруй сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж, хүүхдийг тоглонгоо суралцах орчныг бүрдүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд “Эрүүл амьдралын хэв маяг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдүүд ус ууж хэвших, дасгал хөдөлгөөн тогтмол хийх зэрэг зөв дадалд суралцсан. Мөн хүүхэд бүр өөрөө цэцэг тарьж, арчилж сурч байгаа" гэлээ.
Мөн тэрээр Эко хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлсний үр дүнд багш нарынх нь арга зүй сайжирсныг онцлов. "Эко сургууль, цэцэрлэг" хөтөлбөр нь олон улсын ISO 14001 стандартад суурилсан. Монгол Улсад 15 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, тогтвортой хөгжлийн боловсролыг олон нийтэд түгээхэд эерэг нөлөө үзүүлж буй юм.
Хөтөлбөрийн оролцогчдоос шилдгийн шилдэг хамт олныг шалгаруулж "Гэрэгэ"-ээр шагнадаг уламжлалтай.
2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд
• “Мөнгөн гэрэгэ” – 4 цэцэрлэг, 1 сургууль, 1 мэргэжлийн байгууллага
• “Хүрэл гэрэгэ” – 7 цэцэрлэг, 4 сургууль, 1 мэргэжлийн байгууллага
• “Ногоон туг” – 10 цэцэрлэг, 4 сургууль, 1 мэргэжлийн байгууллага тус тус шалгарч байжээ.



Comments