Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлалыг танилцууллаа
- child.mn
- Mar 24
- 1 min read

Засгийн газраас 236 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсантай холбоотойгоор аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын газрын удирдлагуудад мэдээлэл өгөх, чадавхжуулах сургалт Улаанбаатарт боллоо.
Энэ жил хүүхэд хамгааллын зардалд 20,6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь тусламж хэрэгтэй хүүхдэд үзүүлэх үйлчилгээ илүү сайжрах боломжийг бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар үйлчилгээ хэрэгтэй хүүхдэд дунджаар 40 орчим мянган төгрөг зарцуулж байгаа нь хангалтгүй байгаа юм. Тухайлбал, нэг литр шатахууны үнэ таван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, бусад зардал үүнийгээ дагаад өссөн. Үүнийг бодитоор тооцох хэрэгцээ үүссэнийг салбарынхан хэлж байна.
Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Баярсайхан сургалтын үеэр хэлсэн үгэндээ “Хүүхэд хамгааллын ажилд бүх түвшний байгууллага идэвхтэй ажиллаж үүрэгтэй. Бид эрсдэлт бүлгийнхээ хүүхдийн тоог нарийвчлан бодитоор гаргаж хэрэгцээт тусламж дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна. Мөн хүүхэд бүрийн асуудал, кэйс нь харилцан адилгүй зардалтай байдаг. Энэ бүгдийг нэг аргачлалаар тооцох боломжгүй учраас өнөөдөр орон нутаг болоод нийслэлийн салбар байгууллагын удирдлагуудад мэдээлэл өгч байна. Өнгөрсөн жилүүдэд хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалт тодорхойгүй, бодит үр дүнгүй байгаад санаа зовж, шүүмжлэлтэй хандаж ирсэн. Үүнийг тодорхой, ил тод байлгахаар ажиллана” гэлээ.
Commentaires