top of page

"Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийн гурав дахь форум болно

  • May 10
  • 2 min read

Ахлах ангийн сурагчдын үзэл бодлоо илэрхийлж, бүтэн жилийн турш хамрагдсан хөтөлбөрийнхөө үр дүнг тайлагнадаг "Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" оролцооны хөтөлбөрийн гурав дахь форум 5 дугаар сарын 14-нд болох гэж байна. Тус арга хэмжээнд Child.mn/Хүүхэд.мн сайт мэдээллийн дэмжигчээр ажиллаж байна.


2024, 2025 онд "Миний дуу хоолой, бидний эрх" форумыг зохион байгуулсан бол 2025-2026 онд "Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" нэртэйгээр тус форум болох юм. Оролцооны хөтөлбөрийн сурагч хүүхдүүд хөтөлбөрийнхөө үр дүнг тайлагнана. Мөн тэдний нүдээр, тэдний өнцгөөр нийгэм, гэр бүл, сургуулийн орчинд тулгамддаг бэрхшээлүүдийнхээ талаар үзэл бодлоо хуваалцсан, ирээдүйд зорьж буй хүсэл мөрөөдлийнхөө талаар бичсэн "Миний дуу хоолой, бидний эрх" зураг, өгүүлэмж хосолсон ном бүтээснээ танилцуулах юм.


"Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийн гурав дахь форум болон "Миний дуу хоолой, бидний эрх" номын нээлт 2026 оны 5 дугаар сарын 14-нд болно. Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдсэн өдрийг тохиолдуулан тус өдрийг сонгосон байна.


Мөн Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг угтан оролцогч хүүхдүүд “Парламентын боловсрол олгох аялал”-д хамрагдаж, бүтээлээ Улсын Их Хурлын гишүүдэд гардуулан өгөх, нөлөөллийн үйл ажиллагааг  зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Анх Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хөвгүүдийг хамруулсан "Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" хөтөлбөрийг эхлүүлсэн нь өдгөө жил бүр тэдний дуу хоолойг олон нийтэд түгээх индэр болсон, тогтмол зохион байгуулдаг форум болон өргөжсөн байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 29, 74, 116 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид болон Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн МСҮТ-ийн оюутнууд хамрагдаж, хүний эрх, хувь хүний хөгжлийн агуулгаар мэдлэгээ тэлж, хөгжсөөр байна. Мөн жил бүр ахлах ангийн сурагчид хөтөлбөрийн оролцогчоор нэмэгдэж, хөтөлбөрийн цар хүрээ ч тэлсээр байна.


"Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье" оролцооны хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд клубүүд байгуулж, багаар ажиллах чадварт суралцаж байгаа нь хамгийн чухал үр дүнгүүдийн нэг юм. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд "Өөдрөг", сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд "Харагддаг дуу хоолой", оюуны бэрхшээлтэй хүүхдүүд "Сурагчийн шивнээ", тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд "Оргил өөд" нэртэй клубийг тус тус нээгээд, өдгөө 3 жил амжилттайгаар клубүүдийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Өдгөө энэ хөтөлбөрт нийт 70 орчим хүүхэд идэвхтэй хамрагдаж, зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож байна.










Comments


bottom of page