top of page

Элсэлтийн шалгалтын эргэн тойронд...

Updated: Jun 24

Өнгөрсөн долоо хоногт болсон Элсэлтийн шалгалттай холбоотой багш, сурагчид, эцэг эхчүүдийн гомдол, шүүмжлэлүүд цахим орчинд хөвөрсөөр байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр  Боловсролын үнэлгээний төвөөс  мэдээлэл өглөө. 

Хурлын эхэнд БҮТ-ийн захирал Г.Гантуяа “Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн авч ирсэн. Энэ жил улсын хэмжээнд 3000 багш шалгалтын зохион байгуулалтад оролцсон. Шалгалтын агуулгыг бэлтгэх бүрэлдэхүүнээ гар утас, интернэтгүй орчинд, тагнуулын байгууллагын хяналт дор ажиллуулсан. Даалгавар тараах ажил ч тагнуулын байгууллагын тусламжтайгаар явдаг. Энэ жил ямар нэг байдлаар даалгавар задарсан тохиолдол гараагүй. Мөн шалгалтын үр дүн өнгөрөгч оныхтой адил,  хэт буурсан зүйлгүй байна" гэлээ.

Мөн тэрээр "Энэ удаа 3300 гаруй хүүхэд олон улсын шалгалтын оноогоо Элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлсэн. Сурагчид нийт 10 судлагдахуун хичээлээр шалгуулсан бол математик, нийгэм судлал, англи хэлийн хичээл дээр хамгийн олон буюу 35-39 шалгуулагч 800 оноо авсан. Монголын түүхийн хичээл дээр нэг сурагч 800 оноо авсан байна. Босго оноогоо давж чадаагүй шалгуулагчдын дундаж  өмнөх жилийнхтэй ижил үзүүлэлттэй байна” гэлээ.


БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц “Элсэлтийн шалгалт бол уралдаант шалгалт юм. Иймд шалгалтын даалгаврууд хөнгөнөөс хүнд рүү эрэмбэлэгдсэн байх шаардлагатай болдог. Учир нь шалгалтын агуулга бүхэлдээ хөнгөн даалгавраас бүрдэх нь бүх хүүхэд өндөр оноо авч, улмаар шалгалт зорилгоо алдах магадлал бий. Мөн хэт хүнд даалгаврууд голлох нь сурагчид нийтээрээ хангалтгүй үнэлэгдэнэ. Иймээс энгийн, дундаж, хүнд түвшний даалгаврууд адил хэмжээнд багтсан. Эдгээр агуулгыг шалгуулагчид  бүх судлагдахуун хичээл дээр сурах бичгээр дамжуулан суурь боловсролоос  өргөсөн гүнзгийрэх байдлаар ахлах ангидаа илүү академик хэлбэрээр үзсэн байгаа” гэлээ.


Хурлын танхимд хүүхдүүдийнхээ шалгалтын үр дүнтэй холбоотой санал, гомдлоо илэрхийлэхээр ирсэн иргэд ч мөн байлаа. Эцэг эхчүүдийн төлөөлөл дараах байр суурьтай байна. “Өчигдөр орой харахад манай хүүхдийн математикийн хичээлийн хэмжээст оноо 756 байсан. Өнөө өглөө 616 болж огцом өөрчлөгдсөн байна. Гэтэл маргаашаас зорьсон сургуулийнх нь хуваарь сонголт эхлэх гэж байна. Харин БҮТ-ээс сурагчдын хэмжээст оноо ямар нэг байдлаар хөдөлсөн зүйл байхгүй гэлээ. Тиймээс Боловсролын яаманд хандана” хэмээн зааланд ирсэн эцэг эхчүүдийн төлөөлөл гомдлоо илэрхийллээ. 


Харин шалгалтад "сойсон" сурагч нь хангалттай их хичээсэн ч сайн оноо авч чадаагүй нь шалгалтын материал хүнд байсантай холбоотой гэж зарим багш нар үзжээ. Тэрээр "Монгол хэлийн Элсэлтийн шалгалтад 79 сурагч бэлтгэсэн. Үүнээс 90 хувиас дээш гүйцэтгэлтэй хийнэ гэж барагцаалж байсан сурагчид маань дээд тал нь 73 хувьтай шалгагджээ. Монгол хэл хичээлийн шалгалтад Казах, Буриад хэлний агуулга орж ирсэнд багш би өөрөө эргэлзэж байгаа. Гэтэл сургалтын хөтөлбөрт нарийн тусаагүй, Элсэлтийн шалгалтын даалгаврын санд багтаагүй ийм төрлийн даалгаврыг хүүхдүүд яаж хийх нь ойлгомжтой. Ялангуяа Ойрад, Баяд  үгсийн сангаас оруулсан нь бүр ч харамсалтай. Даалгавар боловсруулсан хүмүүс ямар учраас ийм даалгавар оруулсны учрыг  их гайхаж байна" гэлээ.  


2025 оны Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл дөрөв хоногийн хугацаанд боллоо. Шалгалтад улсын хэмжээнд нийт 43300 гаруй шалгуулагч хамрагджээ.  Үүний 21 мянга нь орон нутгийн сурагчид байсан бол үлдсэн 22 мянга нь нийслэлийн сурагчид байсан аж.  


Comments


bottom of page