Эзэнгүй орхигдсон барилгын суурь хүүхдийн байгууллагын орчимд эрсдэл үүсгэжээ
- May 14
- 3 min read

Хотын төвд, Монголын Залуучуудын Холбоо байрныхаа нэг хэсгийг нурааж, тэр зайндаа өөр барилгын суурь цутгажээ. Уг ажил нь дөрөв, таван жил зогссоны улмаас хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учирч, эрсдэлтэй орчин үүсжээ.
Тодруулбал Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын чанх ард байрлах уг суурь нь дөрвөн барилгын дунд битүү орчинд байх бөгөөд одоогийн байдлаар бүхэлдээ ногоон замагтай усаар дүүрч, ахуйн хог хаягдал, архины шилэнд дарагджээ. Тус суурь нь ХГБХХЕГ-ын байрнаас ердөө 2-3 метрийн зайд байрладаг. Олон жил ус тогтсоноос болж орчмын хөрс нь зөөлөрч газрын гадарга хагарсан харагдаж байв. Энэ нь төрийн байгууллагын барилгын чанарт сөргөөр нөлөөлж байж болзошгүй байна. Хараа хяналтгүй уг газарт гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөл бүрдсэн хэмээн хүүхдийн байгууллагын ажилчид хэлж байлаа. Мөн МЗХ-ны арк хэсгийг түрээслэн ажиллуулж буй машин угаалгын газраас болж хүүхдийн байгууллагын архивын өрөө хөгцөрсөн асуудал үүссэн гэлээ.
Энэ талаар бид Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайханаас тодрууллаа.

Орхигдсон барилгын суурь хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
Монголын Залуучуудын Холбоо байрныхаа талыг нураагаад, дөрвөн төрийн байгууллагын дунд ямар ч орц, гарцгүй ийм том барилгын суурь тавиад 4-5 жил болж байна. Урин дулаан цагт тогтсон ус нь өмхийрдөг учраас бид цонхоо ч онгойлгож чаддаггүй. Эзэнгүй, бохир орчинд хүмүүс бие засахаас гадна биднийг очиход цементэн дээр цус болчихсон, байшингийн ард хүүхдүүд зодолдож байх жишээтэй. Мөн барилгын урт хэрзгэр төмрүүд цухуйчихсан. Өмнө нь энд модтой, манайхаар үйлчлүүлж буй хүүхэд, иргэд болон ажилчид маань гарч агааралдаг хэсэг байсныг устгачихсан. Ойр орчимд нь спортын төв ордны болон манай Хүүхдийн төлөө зөвлөлийн хүүхдүүд, манайхаар үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд байна. Хүүхдийн эрх нь зөрчигдсөн, хамгааллын үйлчилгээ авахаар ирсэн ядарсан хүмүүс ийм аюултай орчинд явж байгаад бэртэж гэмтвэл яах вэ?
Энэ асуудал танай байгууллагын барилгад нөлөөлж байна уу?
Энэ суурь манай байрнаас ердөө 2-3 метр зайд ухагдсан. Олон жил ус тогтсоноос болж манай сууринд яаж нөлөөлж байгааг бид хэлж мэдэхгүй, маш эрсдэлтэй байна. ХГБХХЕГ бол 100 жилийн түүхтэй, Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Гэтэл яагаад хүүхдийн байгууллага үргэлж ийм шоовдор байдаг юм бэ? Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэхдээ бүх шийдвэрийг хүүхдэд ээлтэй байхаар шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Гэтэл энд ийм барилгын суурь барьж орхиод, өмхий намаг үүсгэж, үйл ажиллагааг маань тасалдах нөхцлийг бүрдүүлж байна.
Танай байгууллагын хажууд байрлах машин угаалгын газар хэний эзэмшлийнх вэ? Ямар хүндрэл учруулдаг вэ?
Энэ нь анх голоороо гарч болдог арк байсан юм. МЗХ хувь хүнд түрээслүүлж, машин угаалгын газар болгосон. Угаалгын газрын уур манай байр руу нэвчсэнээс болоод хамгийн чухал хэсэг болох архив маань чийг авч, бичиг баримтууд хөгцөрсөн. Түрээслэгчид шаардлага тавихаар "Ажлыг минь болиулбал гадаа чинь суулт хийнэ" гэж заналхийлдэг. Мөн угаалгаар орж байгаа машинууд манай байгууллагын ажилчид болон үйлчлүүлэгчдийн машиныг "түгжчихдэг". Бүр хачирхалтай нь, тэр газрын усны мөнгө нь манай байгууллагын тоолуур дээр бодогдож байсан тохиолдол бий.
Таны зүгээс эрх бүхий байгууллагуудад ямар шаардлага тавьж байна вэ?
Би байгууллагын удирдлагын хувьд хүүхдийн салбарт алдагдсан, цөлмөгдсөн өмч хөрөнгийн араас цэгцлээд явж байна. Энэ барилгын суурь болон машин угаалгын газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газар, Нийслэл болон Сүхбаатар дүүргийн удирдлагууд, Цагдаагийн ерөнхий газар үүнд анхаарал хандуулахыг хүсэж байна. Авлигатай тэмцэх газараас энэ барилгатай холбоотой ямар эрх ашиг байгааг шалгаж өгөөч гэж хүсмээр байна. Цэвэр усаар машин угааж байгааг зогсоож, хүүхдийн байгууллагын аюулгүй байдлыг хамгаалж өгөхийг хүсэж байна.

Энэ талаар бид Монголын залуучуудын холбооны ерөнхий менежер Батбуянаас тодруулахад
"Манай байгууллагын өмнөх удирдлагууд залуучуудын төв барих гэж барилгынхаа талыг нураагаад хундаам цутгасан юм байна лээ. Нэлээн олон жил болж байгаа байх. Би нарийн мэдээллийг нь сайн мэдэхгүй. Хэрэв энэ талаар нарийн мэдээлэл авахыг хүсвэл манай удирдлагуудтай уулзах нь зөв байх. Одоохондоо манай дарга гадаадад томилолтоор явж байгаа”гэлээ.



Comments