Х.Мөнхзул:Хүүхдийнхээ цахим хэрэглээг хорих биш хэрхэн, яаж эрсдэлээс сэргийлэх талаар заах нь чухал
- child.mn
- Mar 27
- 3 min read

Хүний эрхийн үндэсний комиссоос технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлд хүүхдүүд өртөж байгаа талаар Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний 24 дэх илтгэлдээ тусгажээ. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа.
Технологид суурилсан гэмт хэрэгт хүүхдүүд ямар байдлаар өртөж байна вэ?
Тэгэхээр хүүхдийн эрхийн эсрэг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнхийг цахим дээрэлхэлд эзэлж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас суурь судалгаа хийсэн. Хамрагдсан хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэгэн байдлаар цахим орчинд халдлагад өртөж байсан гэж хариулсан. Эсрэгээрээ эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдээ цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэж боддог гэж хариулсан. Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ цахим орчинд дахь хэрэглээг хянах, анзаарч байгаа байдал нь сул байгааг дээрх судалгаа харуулж байна л даа. Миний хүүхэд гэртээ байгаа л бол аюулгүй гэж ташаа бодоод байгаад учир байна. Гэтэл хүүхэд нь хажууд нь сууж байхдаа, өрөөндөө ганцаараа байхдаа олон нийтийн сүлжээнд хэн нэг этгээдийн хохирогч болсон магадлалтай байгаа юм.
Үүнээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна вэ?
Ээж, аавууд хүүхдээсээ утас их үзэхгүй байх, хэрэглэхгүй байхыг л шаардаад байдаг. Харин хичээл, бие даалтаа хийхийг бол мэдээд хориглодоггүй. Гэтэл байгаа юм. Цахимаар хичээл номоо хийхийн хажуугаар найз нөхөд, анги, дугуйлан, дамжаа, сонирхлын бүлгүүдийн групп чаттай байдаг. Дээрээс нь янз бүрийн рийл, видеог агуулгын цензургүй үзэх боломжтой байдаг гэх мэт хэрхэн яаж хэрэглэж байна вэ гэдэгт нь анхаарлаа хандуулж, эрсдэлээс сэргийлэх мэдлэгтэй болгох нь чухал байгаа юм аа.

Цахим орчинд хүүхдүүд ямар арга мэхэнд унаж гэмт хэргийн, ялгаварлан гадуурхалтын бай болоод байна вэ?
Дунд болон ахлах ангийн сурагчид томчуудтай л адил нийгмийн сүлжээг маш идэвхтэй хэрэглэдэг. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд нэр, зүсээ нуусан хуурамч хаягаас бичсэн мэдээлэлд итгээд, зураг, хувийн мэдээллээ солилцоод эргээд сүрдүүлэгт өртөх явдал гарч байна. Жишээ нь өсвөр насны охидын байдаг группт хуурамч нэр, зураг ашиглаад өсвөр насны охин мэтээр дүр эсгэн чатлаж, дотносоод авдаг. Тэгээд л "Найзаа миний хөх ийм ургасан байна. Чинийх яаж байна. Харъя" гэх зэргээр итгэлийг нь далимдуулан хувийн мэдээлэл, зураг зэргийг нь аваад эргээд сүрдүүлэхэд ашиглаж байгаа юм.
Ээж аавуудын хувьд тэгвэл энэ эрсдэлээс хүүхдээ хэрхэн сэргийлэх шаардлагатай байна вэ? Зарим нь загнаж цагддаг. Зарим нь ойлгуулж ярилцах хэрэгтэй гээд өөр өөр өөр л арга, туршлага яриад байдаг шүү дээ.
Хүүхдийнхээ цахим хэрэглээг нь хатуу хориглохоосоо өмнө зөв зохистой хэрэглээд, эргээд өөрөө эрсдэлтэй орохгүй байх тэр "дархлааг" суулгах нь хэрэгтэй. Тэрнээс биш шийдэж байнаа гээд л хүүхдийнхээ эрхийг зөрчиж, хүчээр тулгах нь алдаа шүү. Хүүхдээ өөрөөсөө улам л түлхэж буй үйлдэл. Ийм үед хүүхэд гэрийнхэнтэйгээ ярилцахаас илүү цахим орчноос өөртэй нь ярилцах, ойлгох хэн нэгнийг хайдаг, эрсдэлд ордог. Сүүлийн үед биетээр үйлдэгдэж буй хүчирхийллээс илүү цахимаар, дэлгэцийн цаанаас хэн нэгнийг дарамталж, сэтгэл санаагаар хүчирхийлсэн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс хүүхдийнхээ эрхийг зөрчихгүй ойлгож, ярилцах нь эрсдэлээс сэргийлэх эхний алхам юм.
Тэгвэл олон улсад хүний эрх цахим орчинд зөрчигдөхгүй байхад ямар арга хэмжээ авч байна вэ? Бид ямар туршлагаас суралцаж болох вэ?
Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг НҮБ–аас эхлээд олон улсад анхаарч, алхам хийгээд эхэлсэн. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангаас цахим орчинд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг хэлбэрээр нь 32 төрөл байна гэж ангилсан. Жишээлбэл, хүүхдүүдийг садар самуунд уруу татах, сүрдүүлэх, мөрдөн мөшгөх ч гэх мэт гэмт хэргийн шинж хэлбэрээр нь цагдаагийн байгууллага бүртгээд явдаг. Бусад улс орнуудад ээж аавууд тусгай аппликейшн ашиглаад хүүхдийнхээ цахим хэрэглээг хянадаг. Болохгүй бол хүүхдээ хэрхэн хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авдаг. Хүүхдүүдэд үнэн зөв мэдээлэл түгээхэд төрийн болон төрийн бус байгууллагууд нь хамтарч ажилладаг. Зөв мэдээллийг нийтэд түгээдэг. Бид ч бас энэ чиглэл рүүгээ ажиллаж байна.
Дээрх ярьсан асуудлуудтай холбоотойгоор ХЭҮК-т гомдол ирж байсан уу?
ХЭҮК-т энэ чиглэлээр ирсэн гомдол одоогоор байхгүй. Гэхдээ цахим орчинд жендэр суурилсан хүчирхийлэлд өртсөн гэж гомдол мэдээллээ ирүүлэх бүрэн боломжтой. Энэ удаагийн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний 24 дэх илтгэлд бол бид Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирсэн дуудлага мэдээллийг авч ашигласан. Сүүлийн гурван жилийн байдлаар энэ төрлийн 594 дуудлага бүртгэгдсэн байгаа юм. Нарийвчилбал 2024 онд хүүхдийн нэр төрд халдсан 24 дуудлага, зураг бичлэгээр сүрдүүлсэн 25 дуудлага бүртгэгджээ. Энэ мэт тоон мэдээлэл дээр үндэслээд хүүхдийг цахим орчинд хамгаалах суурь мэдээлэл, ойлголтыг боловсруулж, түгээх нь маш чухал байна.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа
コメント