top of page

Хүүхэд.мн сайт "Би хэлнэ" дууг гурван өдрийн дотор сая хүнд хүргэлээ

ree

Child.mn/Хүүхэд.мн сайт бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх мэдлэг агуулсан "Би хэлнэ" дууг гурван өдрийн дотор сая гаруй хүнд цуврал рийл бичлэгээр дамжуулан хүргэлээ.

"Би хэлнэ" дуу нь хүүхдэд уруул, цээж, хөх, биеийн эмзэг хэсэг болон бөгсөнд нь хүн хүрч болохгүй гэдгийг зааж өгсөн үг болон бүжгийн хөдөлгөөнтэй. Мөн хэн нэг хүн биеийнх нь хүрч болохгүй хэсэгт хүрсэн тохиолдолд аав, ээж, багшаасаа тусламж хүсэх, хэлэх хэрэгтэйг дууны агуулгад багтаасан. Энэ нь маш энгийн үг, үйлдэл мэт боловч бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдийн дийлэнх нь хэн нэгэн насанд хүрсэн хүнээс тусламж хүсэлгүйгээр, өөрт тохиолдсон аймшигт явдлыг нуудаг байна. Тиймээс бусдаас тусламж хүсэх нь энгийн, шууд авах ёстой арга хэмжээ, хийх ёстой үйлдэл гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулж, мэдлэг болгон хоногшуулах нь чухал ажээ.

ЦЕГ-ын 2025 онд гаргасан “Насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” судалгааны тайланд 2020-оос 2024 он хүртэл таван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1,601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,630 хүүхэд хохирчээ.

Үүнээс:

0-7 насны 110 хүүхэд

8-13 насны 685 хүүхэд

14-17 насны 835 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2022, 2023 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасантай холбоотой шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 40 хэргийг түүвэрлэн дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд хэргүүдийн 15 нь прокурорын хяналтаас, 7 нь шүүхийн шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаж байжээ. Мөн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулсан хугацаа ихдээ 1 жил 5 сар 23 хоног, багадаа 30 хоног байсан бол хэрэг шүүхэд шилжсэнээс хойш багадаа 18 хоног, ихдээ 11 сар 28 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Эндээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, шийдвэрлэх явц хохирогч хүүхэд, ар гэрт ямар удаан хугацаанд хүнд хэцүү зүйлийг туулахад хүргэж буй нь харагдаж байгаа юм.

Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс мэдлэгээр дамжуулан сэргийлэхэд чухал ач холбогдол бүхий дууг олон улсад байдаг "Биеийн хүрч болохгүй хэсгүүд" нэртэй, агуулгатай дуунаас санаа авч бүтээсэн "Би хэлнэ" дууг хүүхэд бүрд зааж, ойлгуулах нь хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд маш том үр нөлөө үзүүлнэ. "Би хэлнэ" дууны үгийг БЗД-ийн ХГБХХХ-ийн дарга Ц.Үүрцайх бичсэн бөгөөд МУГБ, хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд багш аяыг нь зохиожээ.

"Би хэлнэ" дууг олон нийтэд түгээх үүднээс БЗД-ийн ХГБХХХ болон СХД-ийн ХГБХХХ-үүд тус бүр "Би хэлнэ" аяныг дүүргийнхээ хэмжээнд эхлүүлээд байна.


Уншигч та хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай Child.mn/Хүүхэд.мн бие даасан редакцын 10 дугаар сарын үйл ажиллагааг дэмжин Голомт банк - Чайлд Лайф Медиа - IBAN MN 970015001165183682 дансаар "аяга кофе" илгээгээрэй.


Comments


bottom of page