Хүүхдэд ял шийтгэл оногдуулахаас илүүтэйгээр засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зарчмыг дэлхий нийтээр баримталж байна
- Mar 30
- 3 min read

Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдахтай холбоотойгоор "Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын хууль зүйн салбарт хүүхдийн эрхийг хамгаалах, өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөлийг арилгах, тэднийг нийгэмшүүлэх чиглэлээр томоохон шинэчлэлийн алхмууд хийгдэж байна. Энэхүү хэлэлцүүлэг нь хүүхдийг зөвхөн "гэмт хэрэгтэн" гэж харах хуучирсан хандлагаас татгалзаж, "Нөхөн сэргээх шударга ёс" болон "Хүүхдэд ээлтэй шүүх"-ийн олон улсын жишгийг нутагшуулах зорилготой. Хэлэлцүүлэгт оролцсон хууль тогтоогчид, хүний эрхийн зүтгэлтнүүд болон мэргэшсэн судлаачдын илтгэлүүдээс онцлох санааг эмхэтгэн хүргэж байна.
Тэдний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн ял оноох бус, харин нөхөн сэргээх шударга ёсны зарчмыг баримталж, хүүхдийн ирээдүйг хамгаалах, дахин гэмт хэрэгт орохоос урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх нь бидний гол зорилго юм.

Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат "Өсвөр насны хүүхэд гэдэг бол бие хүний төлөвшлийн хувьд бүрэн тогтоогүй, танин мэдэхүй болон сэтгэл зүйн хувьд онцгой анхаарал шаардлагатай бүлэг юм. Өнөөдөр дэлхий нийтийн чиг хандлага хүүхдийн асуудалд зөвхөн ял шийтгэл оногдуулахаас илүүтэйгээр засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зарчмыг тулгуур болгож байна. Бид НҮБ-ын Бээжингийн дүрэм, Эр-Риядын удирдамжийн үзэл санааг баримтлан хүүхдийг гэмт хэрэгтэн гэж харахаас илүүтэйгээр түүнийг хөгжлийнхөө явцад алдаа гаргасан, тусламж хэрэгтэй бие хүн гэж үзэх ёстой. Тэдний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн ял оноох бус, харин нөхөн сэргээх шударга ёсны зарчмыг баримталж, хүүхдийн ирээдүйг хамгаалах, дахин гэмт хэрэгт орохоос урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх нь бидний гол зорилго юм. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо хүмүүнлэг, иргэн төвтэй, тэр дундаа хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдэлсэн шинэчлэлийг хийх цаг нь болсон." гэлээ.
Гэмт хэрэг үйлдэж буй 10 хүүхэд тутмын 9 нь ядуурал, гэр бүлийн орчны доголдол, боловсролын хүртээмжгүй байдлаас болж алдаж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хүрээнд бид ойлголт, хандлага, арга зүйгээ нэгтгэх зайлшгүй шаардлагатай байна. Олон улсын жишгээр өсвөр насны хүүхдийн эрүүгийн хэргийн шүүх (Juvenile Justice System) болон хүүхдэд ээлтэй шүүх (Child-friendly Justice System) гэсэн хоёр ойлголтыг нарийн ялгах хэрэгтэй. Өнөөдөр манай улсад гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 65 хувь нь өмчлөх эрхийн эсрэг, 20 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Гэмт хэрэг үйлдэж буй 10 хүүхэд тутмын 9 нь ядуурал, гэр бүлийн орчны доголдол, боловсролын хүртээмжгүй байдлаас болж алдаж байна. Манай системд хохирол барагдуулаагүй хүүхдийг шууд хорих ялаар шийтгэдэг практик байгаа нь тэднийг засахаас илүүтэйгээр нийгмээс тусгаарлах нөхцөл болж байна. Тиймээс хохирол барагдуулах болон нийгэмшүүлэх хөтөлбөрийг цогцоор нь харах, нөхөн сэргээх шударга ёсны зарчмыг хуульчлах шаардлагатай байна."

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор Х.Эрдэм-Ундрах "Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулах нь зөвхөн нэр өөрчлөх асуудал биш юм. Энэ нь хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бодитой бүрдүүлэх алхам юм. Гэвч зөвхөн шүүхийг дагнан байгуулах нь хангалтгүй. Шүүгч, прокурор, цагдаа, өмгөөлөгч, сэтгэл зүйч нараас бүрдсэн мэргэшсэн салбар дундын баг ажиллах ёстой. Хүүхдийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн гэр бүлийн орчин, ядууралтай холбоотой байдаг тул бид үр дагавартай биш шалтгаантай нь тэмцэх ёстой. Мөн шүүхийн орчин нөхцөл, бие засах газраас эхлээд хүүхдийн насны онцлогт тохирсон байх нь хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал нөлөөтэйг олон улсын туршлага харуулдаг. Салбар хоорондын мэдээлэл солилцоог нэгтгэж, хүүхэд бүрт тохирсон хамгааллын үйлчилгээ үзүүлэх 'гинжин хэлхээ'-г бий болгох хэрэгтэй."
Хэрэв хүүхдээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй эсвэл сэтгэл зүйчгүй авсан бол түүнийг нотлох баримтаар тооцохгүй байх хэмжээний хатуу зохицуулалт хэрэгтэй байна.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан "ХЭҮК-ийн хийсэн судалгаагаар хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаа манай улсад маш хүнд нөхцөлд, олон удаа давтагдаж явагддаг нь хүүхдийг дахин хохироох (revictimization) эрсдэлийг бий болгож байна. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдээс дунджаар 6-8 удаа мэдүүлэг авч байгаа практик байна. Бид хүүхдээс мэдүүлэг авахдаа цагдаагийн байрнаас өөр, хүүхдийн насны онцлогт тохирсон орчинд, мэргэжлийн сэтгэл зүйчийг заавал оролцуулж, нэг удаа чанартай авах тогтолцоог хуульчлах шаардлагатай. Хэрэв хүүхдээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй эсвэл сэтгэл зүйчгүй авсан бол түүнийг нотлох баримтаар тооцохгүй байх хэмжээний хатуу зохицуулалт хэрэгтэй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах нь зөвхөн тунхаг биш, процессын шатанд бодитой хэрэгжих ёстой хамгаалалт юм."
Өнөөдөр манай улсад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд Хууль зүйн хороод ажиллаж байна. Гэвч эдгээр хороодын гаргасан дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд ашиглах байдал хангалтгүй байна.

Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Наранбаатар
"Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх чиг үүрэгтэй. Өнөөдөр манай улсад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд Хууль зүйн хороод ажиллаж байна. Гэвч эдгээр хороодын гаргасан дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд ашиглах байдал хангалтгүй байна. Бид хүүхдийн хувийн байдлыг судлахдаа гэр бүл, сургууль, нийгмийн орчныг нь иж бүрэн үнэлж, түүнд нь тохирсон засан хүмүүжүүлэх хөтөлбөрийг санал болгодог болох ёстой. Хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд сургууль, гэр бүл, нийгмийн ажилтан гэсэн гинжин холбоог чангатгаж, хүүхдийг дахин гэмт хэрэгт орохоос сэргийлэх нийгэмшүүлэх ажлыг Хууль зүйн хороогоор дамжуулан эрчимжүүлэх шаардлагатай байна" гэлээ.
Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалсан, нөхөн сэргээх шударга ёсны зарчмыг баримталсан дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, мэргэшсэн хүний нөөц болон хүүхдэд ээлтэй эрх зүйн орчин хамгийн чухал болохыг бүх талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрч байв.



Comments