Хүүхдийн өмч, хөрөнгийг хамгаалах зохицуулалт дутмаг байдгаас хүүхдийн өмчлөх, өвлөх эрх зөрчигдөж байна
- Apr 16
- 1 min read

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт Б.Янжмаа нар 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Л.Буддоржтай уулзаж, хүүхдийг итгэмжлэлээр улсын хилээр нэвтрүүлж буй байдал, хүүхдийн өв залгамжлах, өмчлөх эрхийг хамгаалах асуудлаар санал солилцлоо.
Комисс хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийг итгэмжлэлээр улсын хилээр нэвтрүүлж буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү уулзалтаар нотариатын зүгээс тавидаг хяналт, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэдэг зохицуулалт болон боловсронгуй болгох шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн, Комисс Монголын нотариатчдын танхимтай хамтран хүүхдийн өв залгамжлал болон өмчлөх эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх зорилгоор холбогдох талуудыг оролцуулсан дугуй ширээний уулзалтыг олон улсын Хүүхдийн эрхийн өдрийг угтан 5 дугаар сард зохион байгуулахаар тохиролцлоо. Тодруулбал, эцэг, эх нь нас барсан эсхүл эцэг, эх байх эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдсан хагас болон бүтэн өнчин хүүхдийн өмч, хөрөнгийг хамгаалах зохицуулалт дутмаг байдгаас хүүхдийн өмчлөх, өвлөх эрх зөрчигддөг болно.
Эх сурвалж: ХЭҮК



Comments