Гэрэл зургийг Д.Занданбат
Монголын чөлөөт хэвлэл, ёс зүйтэй редакцын тоог нэгээр нэмж, “child.mn” сайт өнөөдөр мэндэллээ. Бид “Хүүхдийн төлөө мэдээлнэ” уриаг гол шугамаа болгож, мэргэжлийн, мэдрэмжтэй бүтээлүүдээ уншигч, үзэгч танд хүргэхэд бэлэн болоод байна. Манай редакцын бодлого 100 хувь хүүхдийн сайн сайхны төлөө, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгээрээ онцлог.
“Child.mn” нийгэмд хүүхдийн дуу хоолой, хүсэл мөрөөдөл, зөв үлгэр дуурайлал бүхнийг тодоор хүргэж, эерэг мэдээллийн давлагаа үүсгэхээс гадна, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зоригтой дуугарч, хүчтэй шүгэл үлээгч байх болно. Мэдээ, ярилцлага, сурвалжилга зэрэг сэтгүүл зүйн бичлэгийн олон төрлөөр видео болон бичвэр хосолсон контентуудыг уншигч, үзэгч та бүхэнд өнөөдрөөс эхлэн хүргэж байна.
Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар манай улсад 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр мэдээллийн хэрэгслийн тоо тасралтгүй өсөж байгаа ч нэг сэдвээр дагнан мэргэших, илүү судалгаатай, далайцтай бүтээл гаргах нь редакцуудын хувьд шинэ сорилт болоод байна. Ялангуяа, хүүхдийн төлөө сурвалжлахдаа, тэдний эрхийг зөрчихгүй байх, мэдрэмжтэй мэдээлэх нь хамгийн чухал. Тиймээс хамгийн отгон редакц child.mn хүний эрхийн чиглэлээр мэргэшиж буй, хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж ирсэн, туршлагатай багийг бүрдүүлж, хүүхдийн төлөө үзгээ нийлүүлж байна. Манай багт сэтгүүлчдээс гадна мэргэжлийн, сэтгэл зүйч, хуульч ажиллах болсныг анхны уншигч, үзэгч та бүхэндээ дуулгахад таатай байна.
РЕДАКЦЫН ГИШҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА
Child.mn сайтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Алтантуяагийн Уянга. Тэрээр 2016-2023 оны гуравдугаар сар хүртэл өдгөө 29 жилийн түүхтэй ууган реакциудын нэг болох Ийгл телевизэд сэтгүүлч, мэдээний хөтлөгчөөр ажилласан туршлагатай. А.Уянга 2022 онд “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв” НҮТББ-аас хэрэгжүүлсэн “Урагш Алхъя” төсөлд шалгарч, “Охидын подкаст” төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Өсвөр насны охидын эрхийг хамгаалах сэдвээр контент, нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажил өрнүүлж ирсэн нь өдгөө Child.mn сайтыг үүсгэн байгуулах их аяллын гараа болжээ.
Тэрээр “Хүчирхийлэл, амиа хорлолт зэрэг эрсдэлээс зөвхөн охидыг л чанартай мэдээллээр дамжуулан сэргийлэх нь “Охидын Подкаст”-ын гол зорилго байсан. Одоо энэ зорилго минь улам томорч, хүүхдийн эрхээр мэргэшсэн сэтгүүлчидтэй, эрэн сурвалжилга нь өөрчлөлтийг авчрах хүчтэй, санаачилсан уриалга, аянаар дамжуулан хүүхдийн эрхийн нөхцөл байдал сайжирдаг тийм чадварлаг редакцыг байгуулах болж солигдсон” гэв.
Мөн манай багт иргэний нийгмийн салбарт болон радио сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж туршлагажсан сэтгүүлч С.Бэрцэцэг ерөнхий редактораар, хүүхдийн сэтгэл зүйгээр дагнан ажилладаг сэтгэл зүйч Б.Халиун нийтлэлч, зөвлөх сэтгэл зүйчээр, хүүхдийн инээд хөөр, зовлон гунигийг хүнлэгээр дурандаа тусгах чадварлаг гэрэл зурагчин Д.Занданбат, хүүхдийн дээд эрх ашгийг хууль, эрх зүйн хүрээнд баримтлан ажилладаг П.Намуун зөвлөх хуульчаар ажиллахаар сэтгэл зүрх нэгдлээ.
Үүнээс гадна child.mn сайт дэргэдээ “Хүүхэд” клуб байгуулж, сэтгүүлч болох хүсэлтэй өсвөр насны хүүхдүүдийг нэгтгэн, тэднийг шинэ ур чадварт суралцуулж байна.
Child.mn сайт нь хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө сэтгүүл зүйн салбартаа ТУГЧИН болж, бичиж, нийтэлж, ярьж буй үг, үйлдэл бүрээ Монголын үрсийн сайн сайхны төлөө зориулна.
Бид эрхэм уншигч, үзэгч, иргэд, ААН-үүд та бүхнийг шинээр мэндэлж буй, цэвэр тунгалаг, “нялх” редакц болох child.mn сайтыг дэмжин, мөнгөн хандив өргөх, хамтран ажиллахыг уриалж байна. Таны бодит дэмжлэг, оролцоо бүхэн Монголын ирээдүй хойчийн төлөө зориулагдах болно.
Хүндэтгэсэн
“Child.mn”-ийн редакц
Comments