Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо
- Jul 2
- 2 min read

ХГБХХЕГ-аас Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдэд хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
ХГБХХЕГ 2026 оны 4 дүгээр сарын 15-нд Үндэсний их, баяр наадмаар хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллах ажлын хэсэг болон бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө баталжээ.
Улмаар:
Бүх шатны засаг дарга нарт ГБХНХ-ын сайдын болон ХЭҮК-ийн зөвлөмж хүргүүлсэн.
Монголын Нотариатчдын танхимтай хамтран Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулах ажлыг зохион байгуулж, 2026 оны 5 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж, нөхөн төлбөрийн үнэлгээг нэмэгдүүлжээ. Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 250,000 төгрөг, нөхөн төлбөр 100 сая төгрөг хүртэл байхаар үнэлгээг нэмэгдүүлж, 6 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ.
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын шинэчилсэн нөхцөлөөр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж дараах компаниуд эрхээ авчээ.
MIG Daatgal
Practical
Хаан даатгал
Номин даатгал
Мөнх даатгал
Монгол даатгал
Иншүрко даатгал
Ард даатгал
Бодь даатгал
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүнийг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр баталжээ. Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг ахлахаар ажиллана. Мөн ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан, Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатар, Яаралтай түргэн тусламжийн төвийн захирал С.Ариулболд зэрэг нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
ХГБХХЕГ-аас тус салбар хорооны анхны хуралдаанд уралдаанч хүүхдийн хамгааллын асуудлаар хуулийн хэрэгжилтийг хангах, стандарт хувцас, гутал, тавиач хүүхэд, замын аюулгүй байдал зэрэг асуудлаар саналуудаа өгчээ. Мөн маргааш буюу 7 дугаар сарын 3-ны өдөр тус салбар хороо дахин хуралдах ажээ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдээс улсын наадмаар уралдаанч хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой ажиглалт хийх хүсэлт өгсөн ч салбар комиссоос зөвхөн албан хаагчдаас бусад оролцоо хангах боломжгүй гэсэн хариу өгчээ.
2026 оны 7 дугаар сарын нэгний өдрийн байдлаар 243 хурдан морины уралдаанд 5714 хүүхэд оролцжээ. Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө зохион байгуулагдахаар төлөвлөсөн 26 уралдааныг таслан зогсоожээ.
2023 онд мориноос унаж нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, дөрвөн хүүхэд нас барсан. Харин 2024 онд 87 хүүхэд хөнгөн гэмтэж, 5 хүүхэд хүнд гэмтсэн. 2025 онд 88 хүүхэд хөнгөн гэмтэж, 5 хүүхэд хүнд гэмтсэн байна.



Comments