Child.mn сайт “Хүүхдийн төлөө онцлох нь” буландаа ТВ9 телевизийн “Өглөөний мэнд” хөтөлбөрийн хамт олныг онцолж байна. 21 жилийн түүхтэй ТВ9 телевиз өнгө төрхөө шинэчилж, хиймэл оюун ухаанаар бүтээсэн хөтлөгчийг нэвтрүүлгийн албаны хөтөлбөрүүдэд ашиглаж эхэлжээ. Мөн гадаад хэлний мэдлэгтэй, залуу боловсон хүчээр “цус сэлбэж”, уламжлалт телевиз гэх өнгө төрхөө ардаа орхин, судалгаанд суурилсан, орчин үеийн технологийг шингээсэн нэвтрүүлгүүдийг үзэгч олонд хүргэж эхлээд байна.
Child.mn сайт ТВ9 телевизийн “Өглөөний мэнд” хөтөлбөртэй хамтран ажиллаж, долоо хоног бүр найман минутын булангаар хүүхдийн эрхтэй холбоотой хууль эрх зүй, эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүй гээд бүх төрлийн мэдээллийг хүргэх юм.
Өглөө хөтөлбөрийн багийнхан шууд эфирийнхээ секунд бүрийг хайрлан бэлтгэдэг
ТВ9 телевизийн эфирийн найруулагч Р.Дамбадаржаа
Өглөөний долоон цагт ихэнх хүмүүс түгжрэлтэй уралдан хүүхдийнхээ сургууль, цэцэрлэг эсвэл ажлын зүг яардаг биз ээ. Тэгвэл “Өглөөний мэнд” хөтөлбөрийн хамт олон аль хэдийнэ ажил дээрээ ирж, эфир эхлэхэд бүрэн бэлтгэсэн байдаг аж. Учир нь тэдний ажил бусдаас хоёр цагийн өмнө эхэлдэг. Өглөөний 07:30-аас 09:30 цагийн хороонд таны өглөөг мэдээлэлтэй, эерэг энергитэй эхлэхэд зориулж программын албаны зураглаач, найруулагч, дууны инженер, сэтгүүлчид, инженер, техникийн ажилтнууд гээд олон хүн сэтгэлээ шингээдэг ажээ. Тэдний ажлын нэг өглөөг сурвалжилсан тэмдэглэлийг уншигч танд хүргэж байна.
ТВ9 телевизийн зураглаач Д.Үнэнбаяр
Кобей малгай, жинс, арьсан түрийтэй урт гутал. Энэ бол “Өглөөний мэнд” хөтөлбөрт зориулж, өөрсдийн үзүүлбэрээ толилуулахаар ирсэн ахмад настнууд юм. Учир нь энэ сурвалжилгийг бэлтгэсэн өдөр 10-р сарын нэгэн буюу Олон улсын ахмадын баярын өдөр байлаа.
Тэднийг арын өрөөнд хувцсаа зэхэж дуусмагц, хөтлөгч зааварчилгаа өгч, дууны инженер микрофон зүүж, шууд эфирт бэлдэж эхлэв.
ТВ9 телевизийн "Өглөөний мэнд" хөтөлбөрийн хөтлөгч, сэтгүүлч Б.Содгэрэл
ТВ9 телевизийн дууны инженер М.Аззаяа
Энэ хооронд бид ТВ9 телевизийн программын албаны дарга Ч.Отгонсүрэнтэй хэсэг ярилцлаа. Тэрээр “Манай телевиз анх 2004 оноос “Өглөө” хөтөлбөрөө үзэгчдэд хүргэж эхэлсэн. Улмаар 2012 онд шинэ форматтай болсон. Үүнийгээ энэ онд /2024 он/ дахин шинэчлээд байгаа юм. Хөтөлбөрийн өнгө төрх өөрчлөгдөхийн зэрэгцээ тухайн хөтөлбөрөө бэлдэх боловсон хүчнээ ажилд авахдаа гадаад хэлний мэдлэг, шинийг санаачлах хандлагыг харгалзаад дан залуучуудаар бүрдүүлсэн. Өглөө бүр шууд эфиртэй 06:30 цагт ажил дээрээ ирээд, долоо гэхэд л эфир эхлэхэд бэлэн байдаг. Тиймээс манай залуучууд ажилдаа эрт ирэх, цаг баримтлах, сэтгүүл зүйн олон төрлөөр нэвтрүүлгээ сонирхолтой бэлтгэх, богино хугацаанд шууд эфир бэлтгэх зэрэг маш олон ур чадварт суралцдаг. Манай багийнхны хувьд эфирийнхээ секунд бүрийг хайрлаж, үзэгчид өгөөжтэй мэдээлэл түгээхийг эрмэлзэн ажилладаг нь үнэхээр бахархмаар.”
ТВ9 телевизийн "Өглөөний мэнд" хөтөлбөрийн сэтгүүлч Т.Номуундарь
ТВ9 телевизийн "Өглөөний мэнд" хөтөлбөрийн хөтлөгч Д.Борголжин, Н.Пүрэвсүрэн, Б.Содгэрэл /зүүн гар талаас/
ТВ9 телевиз 2003 оны 5 сарын нэгэнд байгуулагдсан. Энэ жил 21 жилийн ойгоо тэмдэглэж буй. Хүнээр бол нас бие гүйцэж, өөрчлөлтийн шатаар дээш нэг алхжээ. Телевиз даяарх шинэчлэлийн эхлэл нь программын албаны өргөн нэвтрүүлгүүд, тэр дундаа “Өглөөний мэнд” хөтөлбөр. 2024 оны 5-р сарын нэгнээс ТВ9 телевиз Мандухай хэмээх хиймэл оюун ухаанаар бүтээсэн буюу AI хөтлөгч "Агаарын хэм" цаг агаарын хөтөлбөрийг хүргэж эхэлжээ. Виртуал Плас ХХК-тай хамтран тус AI хөтлөгчийг бүтээн, царай төрх, нэр зэргийг батлан, эфиртээ ашиглаж болсон байна.
Шинэ форматаар үзэгчдэд хүргэж буй “Өглөөний мэнд” хөтөлбөрийг эхлүүлэхдээ Австрали, Швед, Америкийн телевизүүдийн жишгийг судалсан байна. Өглөө зөвхөн энтертайнмент, хөнгөн мэдээлэл хүргэнэ гэдэг ойлголт халаагаа өгч, мэдээ, мэдээллийг “дарамтгүй” өгдөг загварыг телевизийнхээ “Өглөөний мэнд” хөтөлбөрт нутагшуулахаар болжээ.
Үүнийг хийхийн тулд чадварлаг сэтгүүлчдээс гадна мэдрэмжтэй найруулагч яах аргагүй голлох үүрэгтэй билээ.
ТВ9 телевизийн “Өглөөний мэнд” хөтөлбөрийн найруулагч Э.Шинэцэцэг “Залуучууд бидний хувьд телевиздээ шинэ өнгө төрх авчирч, ажиллахыг зорьдог. Өмнөх үеийнхнээсээ суралцаж, Монголын өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхийн сацуу орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэхүйц сэтгүүл зүйн шинэлэг уран бүтээлүүд үйлдвэрлэхийг хичээдэг. Үүний тулд хандлага нэгт. Эерэг, сайн сайхныг уриалсан тийм л агуулга хөтөлбөртөө шингээхийг хүсдэг.”
Сэтгүүлчид нэвтрүүлгийн судалгаандаа
AI ашиглаж хэвшжээ
ТВ9 телевизийн шинэчлэлтийн нэг хэсэг нь хүний нөөцийн бодлого. Үүнтэй холбоотойгоор нэвтрүүлгийн албанд гадаад хэлний дунд болон дундаас дээш шатны мэдлэгтэй хүн ажилд авах нь шалгууртай болжээ. Энэ шалгуураар англи, япон, швед хэлний мэдлэгтэй боловсон хүчин нэг баг болсон байна. Ийм шалгуур нэмсэн нь учиртай. Жишээ нь “Өглөөний мэнд” хөтөлбөр болон бусад нэвтрүүлгийн анхан шатны судалгааг хиймэл оюун ухаанаар хайлт хийн, англи хэлээр авдаг байна. Ингэснээр цаг хэмнэж, сэтгүүлчид илүү гүнзгий мэдээлэл судлах, бэлтгэх цагтай болж, нэвтрүүлгийн чанар сайжирчээ. Мөн AI туслахаар цаг хэмнэж байгаа учраас цөөн сэтгүүлчтэй байсан ч бүтээмж өндөр байхаар бодлогын шинэчлэлтээ тооцоолжээ.
AI хөтлөгч Мандухай нь “Өглөөний мэнд” хөтөлбөрийн цаг агаараас гадна “AI Talk” 40 минутын ярилцлагын нэвтрүүлгийн хөтөлж байна. Оролцох зочны мэдээллийг AI ашиглан цуглуулж, асуулт болон ярилцлагынхаа бүтцийг боловсруулдаг байна. Ингэснээр ямар нэг хувь хүний хандлага шингээгүй асуултыг зочноосоо асууна гэж үзжээ. “AI Talk”-н хамгийн анхны зочноор БШУ-ны сайд Б.Наранбаяр оролцсон байна. Шинэ дугаарыг бямба гараг бүрийн 20:00 цагт үзэгч танд хүргэхээр хөтөлбөрөө баталжээ.
10-р сарын 25-наас хүүхдийн төлөө зорилтот нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ
ТВ9 телевизийн программын албанаас 2024 онд хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан нэвтрүүлгийн хоёр төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Эхний цуврал нэвтрүүлэг нь 10-р сарын 25-нд эфирээр гарч эхэлнэ гэлээ. Гурваас таван насны хүүхдийн сэтгэл зүйг тод харуулсан, сэтгэл зүйчийн зөвлөгөө, мэдээлэлд тулгуурласан агуулгатай. Хүүхдийн сэтгэл зүй, тархи, боловсрол судлаач гэх мэт хүүхдээр дагнасан мэргэжилтнүүд оролцож буйгаараа онцлогтой бөгөөд уг нэвтрүүлгийг бэлтгэхэд Cингапур хөтөлбөртэй бяцхан лусын арслан хүүхдийн цэцэрлэгтэй хамтран ажиллаж байгаа аж.
Нэвтрүүлгийн зураг авалт аль хэдийн эхлээд, анхны дугаар ч нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Үүнээс гадна өсвөр насныханд зориулсан цуврал контентыг хийхээр судалгаа цуглуулах, боловсруулах үе шат нь дууссан байна. ТВ9 телевизийн программын албаны бүх нэвтрүүлэг судалгаанд суурилсан зохиол, төлөвлөгөөгөөр зураг авалт эхлэхээр шинэчлэлт хийгдсэн бөгөөд хүүхдэд зориулсан нэвтрүүлэгч мөн энэ шалгуурын дагуу бэлтгэж байна.
ТВ9 телевиз зөвхөн өөрсдийн эфирээс гадна бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллан, хийж буй нэвтрүүлгүүдийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого баримтлаж эхэлжээ.
ТВ9 телевизийн программын албаны дарга Ч.Отгонсүрэн “Энэ жилээс бэлтгэж буй цоо шинэ хүүхдийн нэвтрүүлгүүдийнхээ түгээлт, үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ТВ9 телевиз child.mn сайттай хамтран ажиллах санал тавьсан. Учир нь зөвхөн ТВ9 телевизийн нэвтрүүлгээ цацах тэр өдөр, цагийн эфирээр хязгаарлагдахгүйгээр цахим орчинд, хүрч болох бүхий л сувгийг ашиглан, эцэг эхчүүд, хүүхдүүдэд нэвтрүүлгийнхээ үр шимийг л хүртээх гэсэн санаа, зорилго чухал юм.”
Уншигч та бүхэнд Child.mn сайт "Хүүхдийн төлөө онцлох" буландаа Монголын анхны 24 цагийн эфиртэй, хөндлөнгийн хараат бус байгууллагын судалгаагаар хандалтаараа эхний тавд тогтмол багтдаг, топ телевизүүдийн нэг болох ТВ9 телевизийн "Өглөөний мэнд" хөтөлбөрийн хамт олныг "уулзууллаа".
Хүүхдийн төлөө байгууллага бүрийг дэмжье!
Comments