Хүүхдийг нийгмийн сүлжээ хэрэглэхийг хязгаарлах хуулийн төсөл боловсруулна
- child.mn
- Feb 14
- 1 min read

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг хязгаарлах хуулийн төсөл боловсруулах ажлыг хэсэг байгуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ одоо хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл Австрали улс шиг бүтэн хууль гаргах эсэхийг хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэнэ гэв.

Боловсролын сайд П.Наранбаяр “Өнгөрсөн 2024 оны 11-р сард Австралид цахим орчинд фэйсбүүк, твиттер, снапчат, тик ток зэрэг олон нийтийн сүлжээ рүү 16 нас хүртэлх хүүхдийг хориглосон хууль баталсан. Уг хуулийг судлах, үр нөлөөг нягтлах, Монгол улсад олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг хориглох, хязгаарлах хуулийн заалтыг судлахаар ажлын хэсэг судалгааны ажлаа эхлүүлсэн. 2020 онд хийсэн “Хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал”суурь судалгаанаас харахад эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдээ цахим орчинд халдлагад өртөж байгаагүй гэсэн ойлголттой байсан ч эсрэгээрээ хүүхдүүдийнх нь 87 хувь нь ямар нэгэн хэлбэрийн халдлагад өртөж байсан бөгөөд 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй гэж хариулсан байгаа юм. Тиймээс нийгмийн сүлжээний сөрөг нөлөөллөөс хүүхдүүдийг сэргийлэхийн тулд зохицуулалт шаардлагатай”гэлээ.

Боловсролын сайдын Зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга “Хүүхдийн дэлгэцийн хамаарал, донтолт нь Монголд төдийгүй, дэлхий даяар асуудал болж байна. Дэлгэцийн хамааралтай болно гэдэг нь утас хэрэглэх үед хүүхдийн допамин нэмэгддэгтэй холбоотой. Яг л хар тамхи, архи, мөрийтэй тоглоомд донтсон хүмүүсийн допамин нэмэгддэг учраас улам л донтож, өвчтэй болсон байдаг шиг. Эцэг эхчүүд ийм хор хөнөөлтэй зүйл хүүхдүүдийн ирээдүйг заналхийлж байгааг анзаарахгүй байна” гэв.
Түүнчлэн багш нар сурагчидтайгаа гэрийн даалгавар, ангитай холбоотой мэдээлэл өгөхдөө фейсбүүкийн мессенжерийг ашигладаг. Харин хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэх, ашиглахыг хориглосноор фейсбүүкээс илүү мэргэжлийн хөгжүүлсэн сургуулийн менежментийн систем School managemant system зэргийг ашиглах нь нэмэгдэнэ гэж үзжээ. Гэхдээ хүүхэд интернэт орчинд боловсролын чанартай платформуудаар үйлчлүүлэх боломжтой байх бөгөөд интернэтэд хандах эрхийг нь хөндөхгүй гэдгийг онцлов.
Comentarios