Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрх хамгаалагчийг хамгаалцгаая, хүн ба байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бизнесийг дэмжье” сэдэвт “ХАКАТОН” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд чиглүүлэгч багшаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн С.Дондов, Ж.Хунан, Б.Энхболд болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зохицуулагч Т.Ариунаа, Child.mn сайтын үүсгэн байгуулагч, эрхлэгч А.Уянга нар ажиллаж байна.
“Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 29-ний өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. ХЭҮК-оос уг тэмдэглэлт өдрийг угтаж “Хүний эрх хамгаалагчийг хамгаалцгаая, хүн ба байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бизнесийг дэмжье” сэтгүүл зүйн бүтээл туурвих “ХАКАТОН” арга хэмжээг “Монголын залуучуудын эвсэл” ТББ-тай хамтран сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүдийн дунд зохион байгуулж байна.
УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн УИХ-аас томилогдож, Комиссын дэргэд Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус хороо, түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой хэлтэс байгуулагдсан.
Ингэснээр ХЭҮК нь жил бүр эмэгтэй хүний эрх хамгаалагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ иргэдийн хүний эрх хамгаалагчдын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулдаг билээ.
Комисс нь 2022, 2023 онд “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулах зорилго бүхий “Зоригтон” уралдааныг сэтгүүлчдийн дунд зохион байгуулж ирсэн. "Хүний эрх хамгаалагчийг хамгаалцгаая, хүн ба байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бизнесийг дэмжье” сэдэвт “ХАКАТОН” арга хэмжээг ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нээж хэлсэн үгэндээ хүний эрх нь нийгмийн хөгжлийн явцад шинэчлэгдэж шинэ эрхийн төрлөөр өргөжиж олон улсын түвшинд эрх зүйн шинэ зохицуулалтууд бий болж байгаатай холбоотойгоор тогтмол өөрчлөгдөн, хөгжиж байдаг тул иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг тасралтгүй нэмэгдүүлж, сайжруулах шаардлагатай байдаг гэж хэллээ.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, цаашид байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, хүний эрхийг дээдэлсэн бизнесийг түгээн дэлгэрүүлэхэд тал бүрийн оролцоо чухал гэдгийг онцолж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европын Холбооны дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч, төлөөлөгчид, Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төсөл, “Монголын эмэгтэйчүүдийн сан”, “Оюутолгой хяналт ТББ” “Бишрэлт ХХК” мөн энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагад талархал илэрхийлж, “ХАКАТОН” арга хэмжээнд оролцож буй оролцогчдод амжилт хүслээ.
Хакатон арга хэмжээний эхний өдөр оролцогч багуудад:
Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, түүний онцлог
Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, мэдээлэл шийдвэрлэх ажиллагааны онцлог, удирдлага болгодог хууль тогтоомжийн талаар
Хүний эрх хамгаалагчийн тухай ойлголт, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын үйл ажиллагаа
Хүүхдийн эрх, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагаа
Бизнес ба хүний эрхийн үндсэн зарчмууд
Сэтгүүл зүйн бүтээл туурвих үйл ажиллагаа буюу “Story telling” бүтээх” сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Хакатон арга хэмжээний бүтээл туурвих цаг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цагаас эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үдээс өмнө багууд өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд менторуудтай уулзаж, чөлөөт ярилцлага хийх арга хэмжээгээр үргэлжиллээ.
Хакатоны шилдэг багуудыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тохиох “Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр”-өөр шалгаруулж, олон нийтэд мэдээлэл өгөх болно.
Comments