ХЭҮК-оос уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмж хүргүүллээ
- Jul 1
- 4 min read

Хүний эрхийн Үндэсний Комисс Үндэсний их баяр наадам болон хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үеэр уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ХГБХХЕГ, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, нийслэл болон 21 аймгийн засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ.
Комиссын гишүүний зөвлөмж
Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж танаа
Комиссоос уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмжийг эрх бүхий байгууллагуудад тогтмол хүргүүлэн, хяналт тавьж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд Үндэсний болон орон нутгийн баяр наадам, даншиг, бүсийн хурдан морины уралдааны үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд Комисс ажиглалт хийхэд стандартын шаардлага хангаагүй гутал, малгай, хамгаалалтын хувцас болон ташуур хэрэглэх, уралдааны явцад дуу чимээ гаргаж морь үргээх, эрсдэл бүхий гялгар уут, радио станц зэрэг зөвшөөрөгдөөгүй эд зүйлс биедээ авч явах, уралдааны зам талбайн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс морь бүдрэх, хүүхэд унаж бэртсэн зэрэг зөрчил нийтлэг гарсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих” гэж хүүхдийн өмнө хүлээсэн төрийн болон бусад байгууллагын үүргийг хуульчилсан.
Иймд Үндэсний их баяр наадам, даншиг, бүсийн хурдан морины уралдаан болон зөвшөөрөгдсөн хугацаанд орон нутагт зохион байгуулагдах аливаа уралдаан, морины сунгаа, үсэргээний үеэр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Үүнд:
1. Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу хурдан морийг найм, түүнээс дээш насны хүүхдээр унуулж байгаа, хүүхэд нэг бүрийг хурдан морины уралдаан болон сунгаа, уралдааны бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулсан эсэхэд хяналт тавих; 2. MNS 6264:2026, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага стандартад заасны дагуу уралдаанч хүүхэд бүрийг биеийн хэмжээнд тохирсон хамгаалалтын иж бүрэн хувцас, хэрэгслээр хангуулах, зөрчил илэрсэн тохиолдолд тухай бүр арилгуулах арга хэмжээ авч, уяачид болон хурдан морины эздэд анхааруулга, санамж, зөвлөмж хүргүүлэх;
3. Хамгаалалтын иж бүрэн хувцас, хэрэглэлгүй хүүхдийг хурдан морины уралдаан болон сунгаа, уралдааны бэлтгэлд оролцуулахгүй байхад болон уралдаанч хүүхдэд гэрээний дагуу олгогдох ёстой хөлс бодитоор олгогдсон эсэхэд хяналт тавих;
4. Уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, өсөлт, хөгжлийн талаар дүгнэлт гаргуулах талаар зөвлөмжийг уяачид болон хурдан морины эздэд хүргүүлэх;
5. Хурдан морины уралдаан болон сунгаа, бэлтгэлийн үеэр бэртэж гэмтсэн тохиолдол бүрд дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмжийг тухай бүр нь холбогдох этгээд болон байгууллагад хүргүүлэх;
6. Уралдаанч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас эсхүл эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн даруй хамруулах арга хэмжээг зохион байгуулах;
7. Уралдаанч хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдах хугацаанд хурдан морины уралдаан болон үсэргээ, сунгаа зохион байгуулагдах тохиолдолд хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлах, зөрчихгүй байхад хяналт тавих; 8. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасан хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжүүлэх.
Энэхүү зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг холбогдох баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Аймаг, нийслэлийн засаг дарга нарт, ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан танаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу хурдан морийг найм, түүнээс дээш насны хүүхдээр унуулах, хүүхэд нэг бүрийг хурдан морины уралдаан болон сунгаа, уралдааны бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулсан эсэх, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхдээ морь унуулахыг бичгээр зөвшөөрсөн эсэхэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд арилгуулах;
MNS 6264:2026, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага стандартад заасны дагуу уралдаанч хүүхэд бүрийг биеийн хэмжээнд тохирсон хамгаалалтын иж бүрэн хувцас, хэрэгслээр хангуулах, зөрчил илэрсэн тохиолдолд тухай бүр арилгуулах арга хэмжээ авч, уяачид болон хурдан морины эздэд анхааруулга, санамж, зөвлөмж хүргүүлэх;
Хамгаалалтын иж бүрэн хувцас, хэрэгсэлгүй хүүхдийг хурдан морины уралдаан болон сунгаа, бэлтгэлд оролцуулахгүй байх;
Хурдан морины уралдаан, сунгаа болох зам, орчны аюулгүй байдлыг хангуулах;
Хурдан морины уралдаан болон сунгаа, бэлтгэлийн үеэр уралдаанч хүүхэд гэмтэж бэртсэн, эрүүл мэндээр хохирсон, амь нас хохирсон тохиолдол бүрийг бүртгэж, дэлгэрэнгүй дүн шинжилгээ (гэмтэл нь бүрэн эдгэсэн эсэх, нөхөн төлбөр авсан эсэх, гэмтлийн улмаас сургууль завсардсан эсэх, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх мэт) хийж, зохих арга хэмжээг авах;
Хүүхэд мориноос унаж бэртсэн, эрүүл мэндээрээ хохирсон эсхүл амь эрсэдсэн тохиолдол бүрд хэдий хэмжээний нөхөн төлбөрийг ямар хугацаанд даатгалын компаниас олгосон, нийт хэдий хэмжээний нөхөн төлбөр олгогдсон талаар мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх;
Уралдаанч хүүхдэд гэрээний дагуу олгогдох ёстой хөлс бодитоор олгогдсон эсэх, нийт хэдэн хүүхэд хэдий хэмжээний хөлс авсан, хөлсийг ялгаатай тогтоож байгаа талаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх;
Уралдаанч хүүхдийн судалгааг дэлгэрэнгүй гаргах (хагас, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, үрчлэгдсэн эсхүл эрсдэлт бүлэгт хамаардаг эсэх гэх мэт);
Уралдааны бэлтгэл болон үсэргээ, сунгааны талаар бүртгэл хөтлөх, явцад нь хяналт тавих;
Хурдан морины уралдаан болон үсэргээ, сунгаанаас бусад үед хүүхэд мориноос унаж гэмтэх, амь нас хохирохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг авах;
Уралдаанч хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдах хугацаанд хурдан морины уралдаан болон морины үсэргээ, сунгаа зохион байгуулагдах тохиолдолд хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлах, зөрчихгүй байхад хяналт тавих.
Энэхүү зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг холбогдох баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү.



Comments