ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, сайд нарын мэдээллийг сонслоо
- Jun 24
- 1 min read

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн барьсан холбогдох хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хийв. Ажлын хэсэг нь төслийн зүйл, заалт бүрийг нарийвчлан хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна.
Төсөлд тамхи, тамхин бүтээгдэхүүний нэр томьёо, ангиллыг шинэчилж, электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг хуульд тодорхой тусган ангилахаар тусгасан байна. Мөн никотины агууламж, зурагт анхааруулгын стандарт, тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн зохицуулалтыг тодорхой болгож, салбар хоорондын уялдааг сайжруулах өөрчлөлтүүдийг оруулжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамны чиг үүргийг өргөжүүлж, тамхины хамаарлаас гарах тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах зэргийг нэмж тусгасан байна.
Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахилгаан халаадаг тамхийг тусад нь ангилж татвар ногдуулах, зарим төрлийн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн никотингүй төхөөрөмж, эд ангид онцгой албан татвар ногдуулах шаардлагагүй гэж ажлын хэсэг үзлээ.
Мөн “Импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн бүрэлдэхүүний нэр томьёог нийцүүлж, үндэсний ангиллын кодыг шинэчлэн, гаалийн татварын хувь хэмжээг хууль санаачлагчийн өргөн мэдүүлснээр хэвээр үлдээв.
Хэлэлцүүлгийн үеэр нийт 30 гаруй зарчмын зөрүүтэй санал болон гишүүдээс гаргасан 10 гаруй саналыг хэлэлцэж, санал хураалт явуулсан юм. Ингэснээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үр дүнг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, цааш хэлэлцүүлэхээр боллоо.



Comments