top of page

Хуулийн төсөлд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгний ХХОАТ-ыг чөлөөлөхөөр тусгажээ

  • Mar 26
  • 2 min read

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг нээж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үг хэлэв. Тэрээр "Манай улс 2024 оны эцэст 997,000 өрхтэй байна. Үүнээс 691,000 орчим нь Улаанбаатар хотод, 305,000 орчим нь орон нутагт амьдарч байна. Өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн тоо 66,000 гаруй байгаагийн 11,000 орчим нь өрх толгойлсон эцэг байна. 2019 оноос хойш гэрлэлтийн тоо буурч байгаа ч гэр бүл цуцлалт буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. 2019 онд 4262 байсан цуцлалт 2024 онд 4463 болж, 5%-иар өссөн байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2015-2016 онд 2.1% байсан бол 2023 онд 1.4% болж буурсан. Мөн ядуурлын түвшин 27.1% буюу 913,000 гаруй иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байна. Гэр бүлийг дэмжих бодлого нь зөвхөн нийгмийн хамгааллын асуудал биш, үндэсний хөгжлийн бодлогын салшгүй хэсэг байх ёстой. Тиймээс гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангах, хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн дэмжлэгийг тодорхой болгох зорилгоор энэхүү анхдагч хуулийн төслийг боловсрууллаа" хэмээв.

Мөн үүнээс гадна "Хууль хэрэгжсэнээр төсөвт тодорхой ачаалал ирнэ. Тухайлбал, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгний хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөхөд төсвийн орлого 206 тэрбум орчим төгрөгөөр буурах тооцоо бий. Гэвч бид өнөөдрийн хэдэн төгрөгийг харамлах биш, 20 жилийн дараах хүн ам зүйн бодлогоо бодох хариуцлагатай цаг үед ирээд байна" гэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел үг хэллээ. Тэрээр "Гэр бүлд ээлтэй бодлого нь ядуурлын гинжин хэлхээг таслах, хүүхэд бүрийг бүрэн дүүрэн хөгжих боломжоор хангахад хамгийн үр дүнтэй арга юм. Энэхүү хуулийн төсөлд туссан хүүхдийн эхний 1000 хоногт анхаарал хандуулах, мөнгөн дэмжлэг, татварын хөнгөлөлт, орон сууцны тогтвортой байдлыг хангах зэрэг нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэлхийн бусад орнуудад хэрэгжүүлдэг сайн туршлагатай нийцэж байна. Австри болон Скандинавын орнуудад гэр бүлийг дэмжих тогтолцоо маш сайн хөгжсөн байдаг. Мөн Лаос, Вьетнам зэрэг улсад хэрэгжүүлсэн хүүхдийн мөнгө, эмзэг бүлгийн гэр бүлийг дэмжих хөтөлбөрүүд гайхалтай үр дүн өгсөн жишээ бий. НҮБ-ын Хүүхдийн сан энэхүү хуулийн төслийг боловсронгуй болгоход олон улсын техник, арга зүйн туслалцаа үзүүлж, Монгол Улсын "Алсын хараа 2050" бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.


Comments


bottom of page