Гэрэлт Анир ТББ, Хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай child.mn байгууллагатай хамтран 2024 оны шинэ жилээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хавдрын эмчилгээ хийлгэж буй 23 хүүхдэд урам зориг, итгэл найдвар бэлэглэх зорилгоор "Хүслийн шинэ жил" арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдээс хүслээ бичсэн захиаг цуглууллаа. Захианд бичигдсэн бяцхан хүүхдүүдийн мөрөөдлийг иргэн та ч биелүүлэх боломжтой.
Доорх зургаас хүүхдийн захиаг сонгоод, дугаарыг нь бидэнд явуулах байдлаар оролцоно.
Аяны талаар ХСҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, Гэрэлт Анир ТББ үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Э.Хишигдоржоос тодрууллаа.

Гэрэлт Анир ТББ-ын талаар танилцуулна уу.
Манай Гэрэлт Анир төрийн бус байгууллага нь анх хавдрын өвчнийг даван туулж байгаа өвчтөнүүдийг дэмжих зорилготой 2024 онд байгуулагдсан. Хавдраар оношлогдож буй хүний тоо сүүлийн жилүүдэд маш их нэмэгдэж байна. Үүний нэг илрэл нь зөвхөн 2024 онд 12-р сарын байдлаар 7200 гаруй хавдрын тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хэдийгээр төр засаг хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч төдийлөн иргэн бүрд хүрч чадахгүй байна. Иймд мэргэжлийн эмч нар нэгдэн, мэдэх чадах зүйлээ бусдад түгээж дэм болох үүднээс ТББ болоод, урт хугацааны ажлууд хийхээр төлөвлөөд байна.
Хүслийн шинэ жил арга хэмжээг хэрхэн, яаж зохион байгуулах вэ?
Бид ТББ-ынхаа үйл ажиллагааны эхлэл болгож “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хавдраа хэвтэн эмчлүүлж буй дүү нартаа сэтгэлийн дэм өгөх зорилгоор "Хүслийн шинэ жил" сэдэвт арга хэмжээг зохион байгуулна. Хүслийн захианы хайрцгийг тус эмнэлэгт аялуулан, хүүхдүүдээс хүслээ бичсэн захиаг нь авч, тухайн хүслүүдийг биелүүлнэ. Мөн тус эмнэлэгт хавдраа эмчлүүлж буй хүүхдүүдийн тасагт нэн шаардлагатай цонхны шүүлтүүр гэх мэт зарим асуудлыг шийдвэрлэнэ.
Аян нээлттэй хандив хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд Гэрэлт Анир ТББ-ын Голомт банкны 3105202457 дансаар дамжуулан нэгдээрэй.
Comentarios