top of page

Франц, Тайвань, Монгол эмч нар хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ

Sep 2
1 min read

Франц, Тайванийн олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөлхийн зүрхний гажиг, уруул, тагнайн сэтэрхий болон нүүрний төрөлхийн гаж хөгжилтэй 30 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийжээ.

Тодруулбал, Францын Страсбүргийн Их сургуулийн эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран төрөлхийн зүрхний гажигтай 10 хүүхдэд мэс засал хийсэн байна. Үүнээс найман хүүхдэд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхний нээлттэй мэс засал хийж, тосгуур болон ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур, ховдлын нэгдсэн суваг, гол судас болон уушгины артерийн цонх зэрэг төрөлхийн гажгийг засжээ. Мөн хоёр хүүхдийн гол судасны хүнд зэргийн нарийслыг амжилттай эмчилсэн байна.

Харин Тайванийн Noordhoff Craniofacial Foundation болон Chang-Gung Memorial Hospital-ийн пластик мэс заслын профессор Лун Жоу Лоугаар ахлуулсан баг ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий болон нүүрний төрөлхийн гаж хөгжилтэй 20 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийж гүйцэтгэжээ.

Хамтарсан мэс заслын үеэр олон улсын мэргэжилтнүүд туршлага, дэвшилтэт арга технологио Монголын эмч, мэргэжилтнүүдтэй хуваалцсан бөгөөд цаашид хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ.

 

Comments


bottom of page