top of page

Ус, цахилгаанаа хэмнэж хүүхдүүд ч уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж чадна


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зуд, үерийн давтамж, аюул нэмэгдэхийн сацуу эдгээр нь бидний, хүүхдүүдийн амьдралд ч шууд байдлаар үзүүлэх нөлөөлөл нь улам хүчтэй болсоор байна. Үүнийг харуулах зорилгоор өсвөрийн сэтгүүлчдийн "WhyZ" баг зохиомжит рийл бэлтгэжээ.



Хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй байх нь хүүхдүүд бидний харилцаанаас эхлэлтэй. Хэн ч ямар ч шалтгааны улмаас дээрэлхүүлж болохгүй. Үүнийг ойлгож үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоож, ялгаварлан гадуурхалтыг даамжруулахгүй байх нь хүний эрхийн суурь ойлголт бөгөөд хүүхэд, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарцгаая!


Д.Дуламсүрэн:Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүүхдүүд ч оролцоотой байх боломжтой

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахад хүүхдийн оролцоо ямар байх тухай Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

Уур амьсгалын өөрчлөлт яагаад бий болж байгаа талаар товч тайлбарлаж өгнө үү.

Өнөөдрийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бол яах аргагүй хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж олон эрдэмтэд үзэж буй. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдсээр өнөөдөр 8 тэрбум болсон. Техник технологийн эрин үед амьдарч байгаагийн хувьд маш их цахилгаан хэрэглэж байгаа. Эрчим хүч ихээр хэрэглэхээр агаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн хий нэмэгдээд байгаа юм. Энэ хүлэмжийн хий нь хүүхдүүд та бүхний эрүүл мэндэд цаашлаад дэлхий эхийн эрүүл мэндэд олон сөрөг үр дагавартай.

Уур амьсгалын өөрчлөлтийн бууруулахад хүүхдүүд юу хийж чадах вэ?

Монгол улс онцгой бүсэд байрладаг учраас уур амьсгалын өөрчлөлт илүү их ажиглагдаж байна. Үүнийг бууруулахын тулд эрчим хүчээ хэмнэх нь хамгийн энгийн алхам юм. Хүүхдүүдийн хувьд телевиз, гар утсаа бага ашиглах, усаа хэмнэх гэх мэтчилэн өөрийнхөө өдөр тутмын хэрэглээндээ анхаарч болно. Ер нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүн бүрийн бодит оролцоо маш чухал.

Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт яагаад өмнөх жилүүдээс илүү мэдрэгдэж байгаа юм бол?

Агаар мандал дотор тодорхой хэмжээний уур амьсгалын систем гэж байгаа. Энэ нь өөрөө маш том систем. Жишээ нь тэр системд хүн, амьтан ургамал гэх мэт хамгийн жижигхэн өчүүхэн хэсэг л гэхэд өөрчлөгдөхөд тэр систем бүхэлдээ өөрчлөгдөөд эхэлдэг. Хойд мөсөн далай хайлж, далайн түвшин нэмэгдэж байна, Далайн орнууд хэдхэн жилийн дараа живэх эрсдэлд орж байна. Хойд зүгээс манай улсад маш их чийгийн зөөгдлүүд орж ирж байгаатай холбоотой цас их орж байна. Энэ мэтээр нэг л систем өөрчлөгдөхөд нөгөөхдөө нөлөөлж эхэлж байгаа нь мэдэгддэг. Тэгэхээр малтмал түлшнээс аль болох татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү орж, цахилгааны хэрэглээг аль болох багасгаж, тээврийн хэрэгслүүдийг ч эко болгож өнөөгийн үүсээд байгаа дэлхийн дулаарлыг ихэсгэхгүй хязгаарлах хэрэгтэй.

Хүүхдүүд бидэнд хандаж юу гэж хэлэх вэ?

Хүүхдүүд та нарын амьдрах дэлхий та бүхний гарт байгаа шүү. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал шүү гэдгийг хэлмээр байна.

Баярлалаа.


Бид уур амьсгалын өөрчлөлтийн талаар бодит мэдээлэл авсны дараа үе тэнгийн хүүхдүүдтэйгээ энэ талаар, бяцхан сургалтыг зохион байгууллаа.



Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхдүүд юу хийж чадах вэ? гэхээр томчууд л хийх боломжтой гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй юм. Хүүхдүүд бидний хувьд өдөр тутмын хэрэглээгээ байгальд ээлтэй болгох, алхам тутамдаа цахилгаанаа хэмнэх, усаа хайрлах, хогоо ангилах, шаардлагагүй хэрэглээнээс татгалзах шийдэл байна. Тиймээс хүүхэд бүр эдгээр зүйлсийг мэдэж, өөртөө, бусдад, нийгэмдээ ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээцгээе!



0 comments

Comments


bottom of page