top of page

Улсын комиссоос нийслэлд 2 сургууль, 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг хүлээн авчээ



НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяа нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт 2025 онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тэрээр "2025 онд нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс 50 төсөл, арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2 сургууль, 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад улсын комисс ажиллаж, хүлээж аваад байна. Нийслэлийн хэмжээнд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. 2024 онд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд орон сууцын хотхон, хороолол ихтэй, төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороодод газар чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажилласан. БГД-ийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчим, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг Таувер, Маршал таун орчимд. Жишээ нь газар чөлөөлөх сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгийг нийслэлийн төсөв, улсын төсөвт тусган баталсан. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга барихаар газар чөлөөлж, хөрөнгө нь батлагдсан байгаа. Гүйцэтгэгч компани шалгарчихсан, барилга угсралтын ажил эхэлчихсэн, 20%-ийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн 2024 онд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдахаар батлагдсан. Газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн зохион байгуулж дуусгасан. 2025 оны 4 дүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.


Comments


bottom of page