
ЭМЯ-ны газрын дарга асан Д.Нарангэрэл өөрийн цахим хуудастаа улаанбурхан өвчнийг эцэг, эхчүүд харшил хэмээн андуурч байгаа учраас уг өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг талаар мэдээлэл өгчээ.
Энэ өвчин агаар дуслаар халдварладаг учир өвчин үүсгэгч вирусийн үрждэг газар нь хамар, залгиурын салст байдаг. Хамгийн эхний шинж тэмдэг нь хамраас нус гоожих, хоолой сэрвэгнэх, зарим үед халуурах. Эдгээр шинж тэмдэгтэй зэрэгцээд ам завьж, тагнайн салст бүрхэвч заримдаа хошногны амсар, бэлэг эрхтний салст орчмоор шар будаа шиг цайвар шаргал толбо гарч эхэлдэг. Мөн энэ үед нүд үрэвсдэг. Өндөр халуурна.
Өвчний эхний үеийн гурван хам шинж ( Стимсоны гурвал):
1. Ринит ( хамрын үрэвсэл)
2. Ларингит(гуурсан хоолой үрэвсэл)
3. Коньктивит( нүдний үрэвсэл) илэрдэг.
Энэ үед л ам, хоолой, залгиурт нарийвчилсан үзлэг хийж эрт оношлох нь их үр дүнтэй.
Тууралт бол хожуу илэрдэг шинж тэмдэг юм. Том тод улаан гүвдрүүт тууралт нь чихний араас эхлэн нүүр, хүзүү, цээж, үе мөч гэх мэтээр дэс дараалан гардаг онцлогтой. Арьс барсгар, улаан цоохор болдог. Мөн эрүү, хүзүүний тунгалагын булчирхайнууд томорч, эмзэглэлтэй байна.
Хүндрэл: уушгины хатгаа, хүнд ларингит, отит, энцефалит, менингит, дүлийрэх .. зэрэг болно.
Урьдчилан сэргийлэлт: Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэх( MV,MMR).
Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна. Үүнд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт улсын хэмжээнд 95,6%, хоёрдугаар тунгийн хамралт 95,1% байна. Харин зарим аймагт буюу Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймагт 80 гаруй хувьтай байна.
Comments