top of page

Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулах бодлогын үр нөлөөг үнэлэх судалгаа хийж байна

  • Jun 25
  • 1 min read

Монгол Улсын Засгийн газар 2017-2025 онд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан болон хагас коксон шахмал түлшээр орлуулах, цахилгаан болон түлшний үнийн татаас, хөнгөлөлт үзүүлэх, гэр, байшингийн дулаалгын аян өрнүүлэх, цэвэр халаалтын шийдэлд үе шаттай шилжих зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.

Эдгээр арга хэмжээний нийгэм, эдийн засгийн үр нөлөө, агаарын чанар болон хүн амын эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх судалгааг НҮБ-ын Хүүхдийн Сан, НЗДТГ, Таван толгой түлш ХХК хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Судалгааны урьдчилсан үр дүн болон судлаачдын боловсруулсан бодлогын зөвлөмжийн төслийг холбогдох яам, агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, судалгаа шинжилгээний болон хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөлд танилцуулах зөвлөлдөх уулзалт болж, оролцогчид санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.

Судалгаагаар гэр хорооллын өрхүүдийг аюулгүй, боломжийн өртөгтэй, тогтвортой халаалтын шийдэлд шилжүүлэхэд чиглэсэн өнөөгийн татаас, хөнгөлөлт, түлшний нийлүүлэлтийн механизмын үр нөлөө, хүртээмж, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлсэн байна.

Мөн эмзэг бүлгийн өрхүүдэд чиглэсэн, хүртээмжтэй бөгөөд хэрэгжих боломжтой шилжилтийн бодлогын хувилбаруудыг боловсруулж, цэвэр халаалтын шийдлийг нэвтрүүлэхэд шаардлагатай арга хэмжээ, дэмжлэгийн талаар санал зөвлөмж дэвшүүлжээ.

Уулзалтын үеэр оролцогч талууд агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг улам боловсронгуй болгох, гэр хорооллын өрхүүдийн эрчим хүчний шилжилтийг дэмжих, урт хугацаанд тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх асуудлаар санал солилцов.

Comments


bottom of page