Төсөлд эцэг, эх нь салсан эсэхээс үл хамаарч хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр тусгажээ
- child.mn
- May 14
- 2 min read

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-н төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж ХЗДХЯ-ны ТНБД Н.Мягмар "Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага, гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх чухал ач холбогдолтой байна" хэмээв.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах, эцэг, эх нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ гэрлэлт дуусгавар болсон эсэхээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй байдлаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах, өнөөгийн нийгэмд шинэ тутам бий болж буй харилцаа болох хамтран амьдрагч, нөхөн үржихүйн аргаар хүүхэдтэй болоход хүүхдийн эцэг, эхээр хэнийг бүртгэх, хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлыг тусгажээ. Үүнээс гадна гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох тухайд гэр бүлийн хэрэг (гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг зэрэг) шүүхэд хянан шийдвэрлэх талаарх хуулийн төслийг мөн боловсруулсан байна.
Мөн гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүүхдийн холбогдсон эрүү, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалтыг холбогдох эрүү, зөрчлийн процессын хуульд тусгасан талаар Дотоод Хэргийн Их Сургуулийн багш Б.Эрдэнэбат танилцуулав.
Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 1.6.52-д Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр үүрэг болгосны дагуу Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-н төсөл, Улсын Их Хурлаас 2024 оны зургаадугаар сарын тавны өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгах замаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү тус тус боловсруулжээ.
Хуулийн төсөлд санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд эдгээр хуулийн төсөл, холбогдох судалгааг байршуулсан байна.
Эх сурвалж: ХЗДХЯ
Comments