top of page

Төгсөх ангийн сурагчид: ЭЕШ гэдэг үгийг зүүдэлтлээ сонсож байна


Элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгөхөөр өдөр бүр бэлдэж, хором бүрт хичээж байгаа сурагчид бусаддаа урам өгөх дадлуудаасаа хуваалцлаа.


 Т.Хулан: Ирээдүйд эмэгтэй инженерийг тоог нэмэхийг хүсдэг


“Инженер мэргэжлийг хөвгүүд голдуу сонгодог. Харин би тэдэнтэй ижилхэн сурч чадна гэдгээ харуулмаар байна.” 

Би гадаадад сурах зорилготой байгаа ч бас дотоодын их сургуулиа сонирхож шалгалтаа сайн өгөхийг хичээж байна. Төгсөх анги учраас хариуцлагатай байх ёстой гэсэн үгийг өдөрт маш олон сонсож байгаа үе тэнгийнхэндээ өөдрөг байгаарай гэж хэлмээр байна. Хамгийн гол нь сэтгэл санаагаа унагаж дарамтад оруулалгүй хичээгээрэй. Хэн сайн бэлдсэн нь өндөр оноо авна. Бүгдээрээ нэгхэн сар хичээцгээе.


У.Эрхэмбаяр: Хариулт цээжлэхээс илүүтэй агуулгад анхаарвал чиний давтлага үр дүнтэй



“Би дурлаж хийх ажлаасаа орлого олохыг хүсэж байгаа учраас инженер болохоор шийдсэн. Одоо тархиа зовоох нь ирээдүйд бие зовоохгүй байхад тусална гэж боддог.”

Хөвгүүдийн хувьд сонгосон мэргэжилдээ дуртай байхаас гадна ирээдүйд хэр сайн орлоготой байх вэ гэдэг нь чухал. Тийм ч болохоор би инженер болохыг зорьж байна. Гэхдээ сонирхол өөрчлөгдөж болох учраас хувирч болох мэргэжил сонгосон гэж бодож байгаа.  Шалгалт өгөхөөр сонгосон дөрвөн хичээлээ энэ нь чухал, энэ нь чухал биш гэж ялгалгүй өөрийнхөө хэмжээнд сайн бэлдэж байгаа. Бусад хүүхдүүдэд хандаж хэлэхэд:

  • Шалгалтдаа бэлдэж байгаа нэгнээ үр ашиггүй зүйл хийхэд уруу татаж болохгүй шүү. 

  • Хичээлээсээ ойлгохгүй зүйл гарвал заавал мэддэг нэгнээс асууж өөрийн болгоорой. 

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын материал текстийн хариултыг цээжлээд шалгалтдаа өндөр оноо авна гэж бодож байгаа төгсөгчид байвал тэр өрөөсгөл шүү. Агуулгаа мэдэхгүй бол өөрийгөө л хуурч байгаа хэрэг. Тиймээс өдөр бүр тогтмол шалгалтдаа сайн бэлдээрэй.


н.Энхтайван: Математик амархан биш ч өдөртөө 30 бодлогын ард гараад л байх хэрэгтэй



“Өөрт чинь чөлөөт цаг гараад, ганцаардаад байгаа мэдрэмж авч байвал чи завтай байна гэсэн үг. Энэ цагаа шалгалтдаа бэлдэж зарцуулаарай.” 

Би шалгалтдаа бэлдэхийн тулд өдөрт аль болох олон бодлого хурдан бодохыг зорьж байгаа. Заримдаа ядардаг. Энэ үед уран зохиолын ч юм уу сонирхолтой ном унших тархиа амраахыг боддог. Өөр зүйл хийж болно л доо. Утсаа үздэг ч юм уу, зурагтаа асаадаг ч юм уу. Эдгээр зүйлс нь амраах гэхээсээ үр ашиггүй цаг нөхцөөх сэдэл болоод байдаг. Утсаараа оролдоход нэг мэдэхэд л маш их цаг зарцуулчих гээд байгаа учраас ном унших нь арай зөв сонголт болов уу гэж бодож байна. 


Б.Энх-Учрал: Сэтгэл зүй эрүүл байвал бүгдийг хийж чадна



“Би нийгмийн ухааны чиглэлээр судалж, ирээдүйд сэтгэл зүйч болно. Анхнаасаа л дурлаж сонгосон мэргэжлийг минь гэр бүл дэмжсэнд илүү урам зоригтой байгаа.”

Энэ жил хамгийн олон хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байгаа нь жаахан сандрааж байгаа. Гэхдээ би ахлах ангид орсон жилээсээ мэргэжлээ сонгоод бэлдэж эхэлсэн учраас өөртөө итгэж, зоригтойгоор шалгалтынхаа ард сайн гарна гэсэн бодолтой байна. Миний бодлоор ээж аавууд шалгалт өгөх хүүхдээ бүх талаар дэмжээсэй гэж хүсэж байна. Манай гэр бүл намайг хэрхэн дэмжиж байгаа тухайгаа хуваалцъя. 

  • Өнгөрсөн намраас эхлээд намайг гэрийн ажлаас чөлөөлсөн. Дээрээ ахтай, доороо эрэгтэй дүүтэй учраас гэрийн ажлыг би түлхүү хийдэг байсан юм. Гэр бүл минь намайг бүх гэрийн ажлаас чөлөөлсөн нь хичээлдээ илүү төвлөрөх цагтай болгосон. 

  • Ээж аав минь намайг илүү их сонсож байгаа. Жаахан шантрах, бодол тогтохгүй үе гарахад гэрийнхэн сонсоод, намайг дэмжиж байгаа нь их хүч болж байгаа шүү. Та нартаа баярлалаа.

  • Хүн л юм чинь надад бас янз бүрийн асуудал тулгарна. Энэ бүгдэд гэр бүлээсээ дэмжлэг авч байгаа. Тэд хамтдаа асуудлыг минь шийдэхээр хичээж байгаа нь гоё санагдаж, шалгалтаа сайн өгөхийн төлөө хичээх шалтгаан болж байна. 

 
 
 

Comments


bottom of page