top of page

ТҮҮХ#6 Нийгмийн ажилтан хүн хүчирхийлэлгүй нийгмийн төлөө зүтгэдэг


Анх 2000-аад оны эхэн үеэс  хороо, багийн зохион байгуулагчид одоогийн нийгмийн ажилтны үүргийг гүйцэтгэдэг байжээ.  Энэ үеэс нийгмийн ажилтны нэр төрийг өргөж бусдад тусалж яваа  Баянзүрх дүүргийн нийгмийн ажилтан Доржпунцагийн Оюунцэцэгийг ТҮҮХ цувралдаа онцоллоо.

 

Түүний амьдралын 21 жил бусдын төлөө өрнөсөн, цаашид ч өрнөнө гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Түүнийг их хошин яриатай, хөгжилтэй зан чанараараа асуудлыг даваад, багаа чиглүүлээд явдаг гэж хамтарсан багийн гишүүд нь тодорхойлдог аж. Учир нь тэр үргэлж л инээж, дандаа сайн сайхныг ярьж явдаг нэгэн. Гэхдээ түүний жаргалтай инээмсэглэлийн цаана ажлаа гэсэн зовнил үргэлж л дагалддаг байна. Өөдрөг сэтгэлээр үргэлж бусдад туслах хүсэлтэй нийгмийн ажилтан Д.Оюунцэцэг өөрийн ажил, амьдралын зах зухаас бидэнтэй хөөрөлдлөө.

 

Тэрээр “Миний хариуцаж байсан нэг айл таван хүүхэдтэй ч ээж, аав нь хоёулаа архины хамааралтай байлаа. Яаж туслах талаар нэлээн бодсоны эцэст эхлээд нөхрийг нь архинаас гаргахаар шийдээд, ажиллаж эхэлсэн юм. Миний хувьд цаг их зарцуулсан. Гэтэл нөхрөө аажмаар өөрчлөгдөхийг харсан эхнэр нь дагаад архи амсахаа больсон. Ээж, аавынх нь эрүүл амьдралын энэ хэв маяг үр хүүхдэд нь ч сайнаар нөлөөлж эхэлсэн. Тэдний амьдрал гурван жилийн дараа эрс өөрчлөгдөж, гэр бүлийн гишүүн бүр инээж явах болсон шүү. Нэг өдөр байхаа, сүүлд уулзсанаас бараг сарын дараа ажил дээр сууж байтал нөгөө гэр бүлийн хоёр анхны цалингаа авсан гээд, дээжээр нь авсан гэсээр чихэр, жимс бариад ирлээ. Би тийм зүйл болно чинээ санаагүй хүн чинь хараад л нулимс урсчихсан гэж. Манай ажлынхан ч хараад бид хэдэд баяр хүргээд л.... Тэр үед бол үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн шүү. Түүнээс хойш бид үргэлж холбоотой байгаа. Хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр намайг гэртээ урина шүү дээ”  гэж мишээл тодруулан ярих түүнийг хараад ийм л дурсамжаар урамшиж, хүнд хэцүүг үл тоон, илүү олон хүнд туслахыг хүсдэг байх нь  ээ гэх бодол төрж байлаа.

Нийгмийн ажилчид зөвхөн хүний сэтгэл зүйтэй ажиллахгүй. Зорилтод бүлгийнхээ хүмүүст хэрэгтэй тусламжийг хүргэхийн тулд олон төсөл, хөтөлбөртэй хамтарч ажилладаг байна. Заримдаа өөрсдөө  төсөл бичнэ. Нэг хороонд зорилтод бүлгийн  40 өрх байлаа гэхэд  цаана нь багадаа 100 гаруй хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх давхар явж байх жишээтэй. Нийгмийн ажилтан Д.Оюунчимэгийн хувьд хорооныхоо иргэдэд туслахаар олон байгууллагатай ажиллажээ. Түүний зарим ажлаас дурдвал:

 

  • 2017–2020 оны хооронд Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийг эсрэг хүчирхийллийг зогсооё” төслийг хэрэгжүүлжээ. Энэ төслийн хүрээнд:

    - 13 айлыг орон гэртэй болгосон

    -100 орчим хүүхдэд хэрэгцээт эд материалын өгсөн

    -Өөрийн хариуцсан хороондоо жишиг тоглоомын талбай байгуулах төсөл хэрэгжүүлсэн

    -“Баяр хөөрийн гэр бүл” нөлөөллийн сургалтыг хариуцсан хорооны айл өрхүүдэд зохион байгуулж, хүүхдийн хүчирхийллийн эрсдэлийг 30 орчим хувиар бууруулжээ.

  • 2018-2022 оны хооронд  “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран:

    - 33 айлыг орон гэртэй болгосон

    -Өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжтой 35 айлд шаардлагатай тоног төхөөрөмж өгсөн

    -Хоёр тоглоомын талбай байгуулж байжээ.

 

Энэ мэтээр нийгмийн ажилтны хичээл зүтгэл маш олон хэлбэрээр иргэдийн амьдралд тус дэмээ өгсөөр байдгийг олон кейсээс харж болно.  Нийгмийн ажилтан Д.Оюунцэцэг "Хүний сэтгэл багаддаггүй" гэж хэлэх дуртай. Ийм сэтгэлээр ажилладаг хүний ажил бүтэмжтэй, "мөр нь цагаан" явдаг байна. Бусдын төлөө сэтгэлээрээ харамгүй зориулж ажилладаг нийгмийн ажилтны төлөөллийг Child.mn ТҮҮХ цувралаараа уншигч тантай уулзууллаа.

 

 

 

  

 

Comments


bottom of page