ТҮҮХ#5 С.Мөнхцэцэг: Гэр бүлийн гишүүд өдөр бүр ярилцдаг байгаасай
- child.mn
- Mar 20
- 2 min read

Сэтгэлээсээ ажлаа хийдэг, эерэг зөв хандлагатай залуусын төлөөлөл Сонгинохайрхан нийгмийн ажилтан С.Мөнхцэцэгийг ТҮҮХ цувралдаа онцоллоо. Түүний түүхээр дамжуулан залуу нийгмийн ажилтны баяр, гунигийг уншигч танд хүргэж байна.
Тэрээр ээж болсныхоо дараа нийгмийн ажилтан болъё гэж шийджээ. Залуухан ээж хүүхэдтэй холбоотой мэдээлэл уншиж, сонсохоос эхлээд тэдний тухай нийгэмд юу өрнөдөг талаар сонирхох болсон байна. Энэ үед томчуудаас болж хүүхдүүд ямар их хохирдог юм бэ? гэсэн бодол үе үе төрөх болжээ. Ингээд л нийгмийн ажилтан болчихвол тэдэнд тусалж чадна гэсэн бодол нь түүнийг гурван байгууллагад ажиллаж, арваад жилийн туршлагатай, салбартаа үнэлэгдсэн боловсон хүчин болоход нь нөлөөлжээ.
Түүний ажлын гараа 2014 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөөс эхэлсэн юм. Утасны цаанаас хүүхдүүд хэнээс ч ичиж зоволгүй асуудлаа ярьж, тусламж хүсэж, хэн нэгэн өөрийг нь сонсоосой гэсэндээ залгана. Энэ үеэс л тэрээр мэргэжлийнхээ утга учрыг илүү тод харж эхэлжээ. 108 утасны төвөөс хойш тэрээр түр хамгаалах байранд ажиллахаар шийдсэн байна. Тэнд томчуудын буруугаас хүүхэд яаж хохирдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, уйлахад ч багадахаар байдалд орж байснаа хуваалцсан юм.
Тэрээр хэлэхдээ “Хүүхдийн нүд их хөөрхөн байдаг даа. Цаанаа л нэг сахилгагүй, гялалзаад, томоотой байхыг хүссэн ч нүд нь эргэлдэж, орчноо ажиглаад л... Харин хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн нүдний гал цог нь унтарчихсан байхыг харах харамсмаар байдаг. Яагаад гэхээр анхандаа энэ хүүхдүүдэд тусалж чадах болов уу? Хэрэгтэй зөвлөгөөг нь хэлж чадах уу? гэж өөртөө эргэлзэж байсан. Гэхдээ би л туслахгүй бол хэн туслах вэ? гэж өөрийгөө зоригжуулан, нулимсаа нуугаад ажилладаг байлаа. Биднээс тусламж аваад, асуудлаа шийдсэн хүүхдүүд таарахаараа "Багшаа!" гээд гүйгээд ирнэ. Ажлаараа дамжуулж дэмжлэг үзүүлсэн хүүхдүүд инээж байхыг харах хамгийн сайхан” гэлээ.
Түр хамгаалах байранд гурван жил ажиллахдаа хүүхдийн асуудлыг шийдье гэвэл гэр бүлтэй нь ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг тэрээр ойлгожээ. Тиймдээ ч өнөөдөр гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлжээ. Ээж хүний хувьд нийгмийн ажилтны завгүй амьдралын хажуугаар хүүхдүүддээ цаг гаргахыг чухалчилдаг байна. Учир нь хүүхэд гэр бүлдээ л амар тайван байх нь хүүхдийн эрх зөрчигдөж буй бүх асуудлыг шийдэх гарц ажээ. Тиймдээ ч "Та бүхэн үр хүүхдээ сайн хүн болж өсөж торниосой гэж бодож байвал хүүхэдтэйгээ цаг гарган ярилцдаг байгаарай" гэж захилаа.
Өнөөдрийн ТҮҮХ цувралаараа Сонгинохайрхан дүүргийн нийгмийн ажилтан С.Мөнхцэцэгийн онцоллоо.
Commenti