top of page

ТҮҮХ #4 Нийгмийн ажилтан асуудалдаа төөрсөн нэгний "луужин" болдог


Нийгмийн ажилтныг халамж тараадаг гэхээс илүү амьдралын асуудалд төөрсөн нэгнийг өөд нь татах чиглүүлэгч гэж тодорхойлвол илүү зохино. Child.mn нийгмийн ажилтны түүхийг цувралаар уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад бид хөгжлийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэгийн 16 жилийн ажлын түүхийг хуваалцаж байна.

 

Хэнтий аймагт орос хэлний багшаар ажиллаж байсан тэрээр амьдралын шаардлагаар Улаанбаатарыг суугуул нутгаа болгожээ. Төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцээд, 2009 онд нийгмийн ажилтан болсон байна.

 

Дусал архи амсахаа больсон аав үрээ гэхийг хараад 

ажилдаа хайртай болсон

 

Шинэхэн ажил нь тэднийхээс 10 гаруй буудлын зайтай байсан нь М.Мөнхцэцэгийг өглөө болгон долоон цагаас өмнө гэрээсээ гарахыг сануулна. Автобусаар ажил руугаа явдаг учраас эртхэн л гарахгүй бол болохгүй. М.Мөнхцэцэг БЗД-ийн алслагдсан хорооны 2700 орчим өрхийн 18 мянган хүн амыг хариуцсан нийгмийн ажилтан боллоо. Тухайн хороонд архины хамраалтай айл өрхүүд олон. Түүнээс шалтгаалсан олон асуудал түүний толгой дээр ирэх шиг хүнд санагдаж байсан тухайгаа ярилаа.

 

“Архины хамааралтай аавтайгаа амьдардаг дөрвөн хүүхэдтэй ажиллах боллоо. Нөхцөл байдал хүүхдүүдийг асрамжийн төв рүү шилжүүлэхээс өөр аргагүй болсон байв. Гэтэл сэтгэл гогодоод болдоггүй. Аавыг нь архинаас гаргахаар ийш тийш нэлээн гүйж, ажилласны дараа өөрчлөлт гарсан юм. Тухайн аавын давуу тал нь цахилгаан хэрэгсэл засаж чаддагт байлаа. Энэ нь бид хоёрт боломж болсон.  Сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, архи уухаа больсон аавыг хорооноос дэмжиж анхны засварын төвөө нээхэд тусалсан юм. Дараа нь  олон улсын байгууллагын дэмжлэгээр байшинтай, өөрийн гэсэн газартай ч болголоо.  Ажлын амтыг авсан аав нь хурдхан хүүхдүүддээ авахын тулд их хичээсэн. Уйгагүй зүтгэлийн үр дүнд дөрвөн жилийн дараа хүүхдүүд гэртээ ирсэн юм. Энэ бол миний ажлын том туршлага болж, цаашид ажиллах сэтгэлийн хүч өгсөн үйл явдал байсан.” гэж тэрээр дурслаа. Үүний дараа түүнд нийгмийн ажилтан  тууштай ажилснаар бусдын амьдралыг өөрчлөхөд тусалж чадна гэсэн итгэл төржээ.

Манай гэр бүлийнхэн "цалингүй нийгмийн ажилтан"

Тэрээр сайн ханийн ачаар өдий олон жил сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаагаа дурслаа. “Хороонд зөвхөн архины хамааралтай хүн амьдрахгүй. Харж хандах хүнгүй ахмадууд олон бий. Зарим нь ганц биеэрээ амьдарсаар гэр бүлтэй ч бололгүй тэтгэврийн насанд хүрсэн байдаг. Манай хороонд нэг ахмад настан байсан юм. Ганцаараа амьдарна. Асаргаа хэрэгтэй болсон ч хамт байх үр хүүхэд, ойр дотнын хүнгүй болохоор ямар ч байсан тэр хөгшнийг ахмадын асрахад шилжүүлэхээр хөөцөлдөж эхэллээ. Эмнэлэг, үзлэг оношилгоо гээд дагуулж явах хэрэгцээ их гарна. Гэвч би урдах ажлаа барахгүй ханиасаа гуйлаа. Миний хань ч өнөөх  хөгшнийг эмнэлгээр авч яваад, орон гэртээ ч оруулан хэд хоног асарлаа. Тэр хугацаанд өнөөх хоёр хоорондоо дасчихсан. Төв аймгийн Батсүмбэр сумын ахмадын асрах руу хүргэж өгөх болоход салж чаддаггүй ээ. Өвөө "Та нар намайг энд орхиод мартахгүй биз дээ. Эргэж тойрно тэ?" гэж чихэр горьдсон хүүхэд шиг асууна. Манай хүн ч дагаж хямраад нэлээн юм болов. Энэ үйл явдлын дараа нөхөр минь миний ажлын сайхан, муухай бүгдийг биеэрээ мэдэрч, надаар бүр илүү бахардаг болсон. Бүхий л үед дэмжин ар талаа бат даана. Одоо ч өнөө өвөөг хааяа очиж эргэдэг юм” гэж ярилаа.


Эднийх гурван хүүхэдтэй. Бага байхад нь цэцэрлэгийн хүрэлцээ муугаас тэднийгээ хөтлөөд сургалт, семинартаа очдог байж. Ингэж явсаар хүүхдүүд нь ээжийнхээ ажлыг сайн мэддэг, ойлгодог болж өсчээ.

 

Хүүхдээ орхиод өрөөлийн хүүхэд рүү гүйх үе маш олон

 

Нийгмийн ажилтан бол тангараг өргөсөн төрийн албан хаагч. Ямар нэгэн асуудал кейс гарахад өдөр, шөнийн алинд ч бэлэн байх үүрэгтэй. Энэ талаар тэрээр “Хамтарсан баг ажиллах шаардлагатай олон үйл явдал болно. Энэ үед хүүхэд харах хүнгүй гэж хэлэх эрхгүй дуудсан даруйд очно. Томчуудын үйлдлээс хохирсон хүүхэд, гэрээсээ дайжсан өсвөр насныхны араас нохой шуугиулан гэр хорооллын гудамжаар яарч явахад миний хүүхдүүд сургуулийн жижүүр бараадан сууж байдаг байлаа. Нийгмийн ажилтан бараг өөрөө эргээд хүүхдээ үл хайхарсан кейс болохоор нөхцөлд ажиллаж байгаа юм л даа. Ийм ажил амьдралын ард хүүхдүүд минь гомдоллож үзээгүйд би их баярладаг. Гэтэл өөрт нь туслахаар өдөр шөнөгүй яваа миний зүтгэлийг ойлгохгүй хүмүүст хааяа гомдож, ажлаасаа шантрах үе бий. Нэг удаа би, архи уудаг аав ээжээсээ болоод гэртээ амьдрах аргагүй болсон дөрвөн айлын 16 хүүхдийг нэг дор асрамж руу явуулж байлаа. Үүний дараа надад маш хүнд байсан. Би яагаад энэ хүмүүст тусалж чадахгүй байна вэ? гэж удаан шаналсан. Тухайн хүүхдүүд “Архины үнэр нившсэн, хоол ундгүй, даарч бээрсэн гэрт байснаас асрамж руу явъя” гэж хэлсэн юм. Тэд ихэвчлэн архинаас хамааралтай аавыгаа үзэн ядаж, гомдлоор дүүрэн харцаар харах нь нүд хальтрам” гэсээр хэсэг дуугаа хураалаа. Энэ үйл явдал арван жилийн өмнө болжээ.

             

Эхлээд эмээ нь, дараа нь ээж нь, одоо зээ нь архинаас болж зоховыг харах хэцүү


Түүх цувралаар онцолж байгаа М.Мөнхцэцэгийн хувьд одоо гурав дах хороондоо хөгжлийг дэмжих нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа юм. Тэрээр "Хөгжлийн нийгмийн ажилтан нь иргэдийг урьдчилан сэргийлэх, сургалт мэдээллээр хангах үүрэгтэй. Гэвч зарим үед нэг айлыг гурван үеэр нь архины асуудлаас холдуулах гэж ажиллаад ч чадахгүй тохиолдол бас байна. Жишээ нь нэг айл архинаас болж салсан юм. Гэтэл тухайн айлын өсвөр насны охин гэрээсээ дайжиж, болохгүй хүмүүстээ нийлж, архи тамхи хэрэглээд эхэлсэн. Хамтарсан баг араас нь нэлээн явсан ч байдал дээрдээгүй. Хэдэн жилийн дараа өнөөх охин өрх толгойлсон ээж болоод хүүхдийн эрх дахиад зөрчигдөөд ирэхийг харах тун хэцүү."


Тэд зөвхөн хариуцсан ажлаа хийдэггүй. Хороо дүүргийн их цэвэрлэгээ, мод тарих ажил, спорт өдөрлөг гээд бүх нийтийн ажилд хамгийн түрүүнд явна. Энэ мэт ажлууд ихэвчлэн амралтын өдрөөр өрнөнө. Энэ бүх зүйлийг амжуулахаар амралтын өдрөөр ч гэрийн бараа харахгүй байх нь элбэг. Уг нь нийгмийн ажилтны ажлын байранд мөрдөгдөх стандарт 2021 онд батгалдсан байна. Гэвч энэ стандарт хэрэгжихэд тун бэрх. Энэ бүх ажлыг амжуулаад төрийн захиргааны хамгийн доод шатлалаар цалин авч байна.

 

Энэ удаагийн ТҮҮХ цувралдаа нийгмийн ажилтнаар 16 дах жилдээ ажиллаж байгаа БЗД-ийн нийгмийн ажилтан М.Мөнхцэцэгийг онцоллоо.

 


Comentários


bottom of page