Түүх#3 “Нийгмийн ажилтаан, Танд баярлалаа!”
- child.mn
- Mar 18
- 4 min read
Updated: Mar 19

Дөрвөн жилийн өмнө …сургуулийн нийгмийн ажилтан сурагчийнхаа аюулгүй байдлыг бодоод зодож, гэмтээсэн аавыг нь цагдаад мэдэгдэж л дээ. Маргааш нь тэр хүн эрүүлжүүлэхэд хоноод гарч ирээд, нийгмийн ажилтан дээр очиж, зодсон байна. Ийм хүлцэж боломгүй зан авиртай хүмүүстэй нийгмийн ажилтан мэргэжилд эзэн болж яваа хүмүүс тулдаг байна. Тиймээс Олон улсын нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан уншигч танд нийгмийн салбарт ачааны хүндийг үүрч яваа нийгмийн ажилтнуудын бахархам түүхүүдийг хүргэж байна.
Манай улсад 1997 оноос хойш 17 их, дээд сургуульд 6000 гаруй нийгмийн ажилтан бэлтгэжээ. Өдгөө улсын хэмжээнд 3400 гаруй нийгмийн ажилтан бий. Анхандаа зөвхөн сургуулийн нийгмийн ажилтан л байсан боловч өдгөө эрүүл мэнд, нийгмийн халамж, хүүхэд, гэр бүл, халамж, сум, хороо, хорих ангийн гээд зургаан чиглэлд нийгмийн ажилтнууд мэргэших болжээ.

Тэдний нэг Шагдарсүрэнгийн Ганчимэг. Эрх зүйчээр мэргэжил эзэмшиж дээд боловсролын сууриа тавьж улмаар хуулийн байгууллагаас ажлын замналаа эхлүүлжээ. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нийгмийн ажилтнаар 15 жил ажиллаж, карьерынхаа гуравны нэгийг зориулжээ.
Та яагаад энэ мэргэжлээр ажиллах болсон бэ?
Хамгийн анх 15 жилийн өмнө “Би ийм ажил хийсэн шүү дээ” гэж бахархалтайгаар ярьж байгаа нийгмийн ажилтныг хараад яг ингэж л ажиллах юм сан гэсэн сэдэл төрж байсан юм. Тэгээд л хуулийн хүн шууд л энэ салбар руу “үсэрчихсэн”. Энэ хугацаанд тэр дороо шийдэгдэх кейс байхад хоёр, гурван жил сэтгэл санаагаа чилээж, зүрх сэтгэлээ зориулж байж “ард нь гарах” кейс ч гарсан. Энэ бүхний дараа эргээд бодоход хамгийн сайхан нь хүүхэд жаргалтай, тайван болох. Хүүхдийн асуудал нь шийдэгдээд, хичээл ном доо тайван сайхан суралцаад л…“Нийгмийн ажилтаан, Танд баярлалаа. Таны хүчээр би өдий зэрэгт зөв алхам хийж, зөв замаа оллоо” хэмээн талархах. Миний хувьд ийм л талархлаар тэжээгдэж, салбартаа өнөөг хүртэл ажиллажээ.
15 жил ажиллахад таны санаанаас гардаггүй, үргэлж л уяатай явдаг кейс байгаа юу?
Сайн ч, муу нь ч бий бий. Миний хувьд ажиллаж байсан хамгийн хүнд кейс хэд хэд бий. Нууцын зэрэглэлтэй болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байдаг юм л даа. Тухайн үед бол улс даяар бүх хүнийг л цочроосон зүйл болсон. Бодох тусам би ч бас сэтгэл санаагаар унасан. Энийг нь ингэчихсэн бол эсвэл тэрийг тэгчихсэн бол гээд л би дахиад жоохон хичээсэн бол гэдэг ч юм уу. Өөрийгөө хүртэл буруутгах бодол төрөх үе ч байсан. Гэхдээ л тухайн үедээ нийгмийн ажилтнуудын хувьд жишиг болохуйц мэргэжлийн хэмжээнд л чадах хэмжээндээ ажилласан. Үүнээс хойш бууж өгөлгүй, сэтгэлээ чангалаад л цаашдаа илүү олон хүүхдийн төлөө ажиллах ёстой гэж бодоод урагшилсан.
Тулгарсан асуудлыг нь шийдвэрлэсний дараа одоо ч тантай холбоотой байдаг хүүхдүүд бий юу?
Ер нь хамтарсан багийн үйлчилгээ авсан хүмүүс, хүүхдүүд зөв алхам, зөв шийдвэрээр амьдралдаа эерэг өөрчлөлт хийх нь л энэ ажлын гол баяр бахдал. Тухайн хэргээс хойш надтай холбоотой байж, баяраар залгаж ярьдаг хэмжээнд дотно байсан хүүхдүүд маань эхнээсээ зарим нь гэр бүл зохиогоод өөрсдөө ээж, аав болчихсон ч байгаа. Хараад маш их бахархдаг даа. Нэг жишээ ярихад миний хариуцдаг хороонд нэг өрхийн эцэг, эх нь хоорондоо ойрхон зайтай ослоор өөд болсон юм. Хоёр хүүхэд нь өнчирч, асрамжийн газарт өгөх үү? Эсвэл хамаатан садан дундаас нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч ийг сонгох уу? Гэдгийг шийдэх шаардлагатай болсон.Бүхэл бүтэн хүүхдүүдийн ирээдүйн амьдрал шийдэгдэх тул өөд болсон аав, ээжийнх нь ах, дүү, хамаатан садныг сар судалж байж, тэднийг өсгөхөд тохиромжтой хүнийг сонгох шаардлагатай болсон. Хүүхдүүд өөрсдөө бас асрамжийн газарт очихыг хүсээгүй. Аав, ээжийнх нь үлдээсэн байр байсныг бас харгалзаж үзээд аавынх нь талын хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр сонгож байсан юм. Тэд маань одоо хоёулаа нас биед хүрч, гэр бүлтэй болсон. Шинэ жилээр, Март-8-наар над дээр ирээд, хол үедээ цахимаар ч юм уу “Баярлалаа” гэж сэтгэлээ илэрхийлдэг юм. Хоёр талаасаа халамжилсан, талархсан сэтгэлээр бид хоорондоо 10 гаруй жил холбоотой явдаг юм. Тэднийг сайн сайхан яваад нь би бас маш их баярлаж явдаг даа.

Нийгмийн ажилтан гэхээр л хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг шийддэг гэхээс гадна гэр бүлд төвлөрдөг гэж боддог. Гэр бүлийг бүрэн бүтэн байлгах нь бас та бүхний ажлын гол зорилго байх.
Яг тийм. Хүүхэд өөрийн гэртээ, эцэг, эхтэйгээ амар тайван л өсөж, торних уг нь маш чухал. Эцэг, эх байх эрхийг нь хасна гэдэг ер нь бүр арга барагдаад л авч байгаа шийдвэр шүү дээ. Гэхдээ томчууд өөрсдөө ойлгож чадвал бас асуудал эергээр шийдэгддэг. Жишээ нь хойд эцэг, төрсөн ээжтэйгээ амьдардаг нэг хүүхэд байсан юм. Хойд эцэг нь ял эдэлж байгаад суллагдсан. Ингээд хүүхдэд бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн. Хамтарсан багаас үйлчилгээ авсан нөгөө хүүхэд маань асуудал даамжирч амиа хорлох оролдлого хүртэл хийх хэмжээнд очсон. Тэгээд би эхний удаад сэтгэл санааг нь дэмжих үүднээс тэр үйлчлүүлэгч хүүхэдтэйгээ долоо хоногт хоёроос гурав хоногийн зайтай, ойрхон давтамжтай уулзаж эхэлсэн. Аажмаар уулзах зайгаа долоо, 14 хоног болгоод зайг нь сунгаад явсан. Хүүхэд маань ч сэтгэл санаа нь дээрдэж, хичээлдээ хүртэл сайжирсан. Аан бас энэ хугацаанд хойд аавтай нь уулзаж, ярилцлага хийсэн. Ингээд сар гаруйн дараа тэд хоёулаа хамт ирсэн. Тэгээд “Хамтарсан багийн үйлчилгээг аваагүй бол би өнөөдөр энэ хүүхэдтэйгээ эцэг, хүүхдийн харилцаатай болж чадахгүй байлаа. Баярлалаа” гэж хэлж байсан юм. Асуудал сайнаар дууссанд би хувьдаа маш их баярласан.
Нийгмийн ажилтын ажил мэргэжлийг таниулах, онцгойлон авч үзэх өдрүүд тохиож байна. Та бусдад ажил мэргэжлийнхээ талаар юуг хамгийн их хэлмээр байдаг вэ? Энэ талаараа хуваалцаач.
Нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа бид нар бол дандаа гэр бүлийн сайн сайхны төлөө, хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг. Хэрвээ эрх нь зөрчигдвөл түүнийг шийдэж тухайн хүүхдэд, гэр бүлд амар тайван амьдралаа үргэлжлүүлэх боломж, нөхцөлийг л бүрдүүлэхийг хичээдэг дээ. Үүссэн асуудал, зөрчил, хэрэг шийдэгдсэний дараа хүүхэд, гэр бүл аз жаргалтай, амар тайван амьдарч чадвал тэр л бидний ажлын хамгийн том бахархал юм даа.
Баярлалаа.
Comments