top of page

ТҮҮХ #2 "Өдөр бүр хичээлээсээ ирээд дүү нараа хараад, гэрээ цэвэрлээд, гал түлээд, хоол хийгээд л унтдаг"

Updated: Mar 18


ТҮҮХ цувралын хоёр дахь дугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл сурагч Х-н түүхийг хүргэж байна. Х нь айлын том бөгөөд ээждээ дэмтэй сайн хүү юм. Гэхдээ дөрвөн дүүтэй учраас өдөртөө дүү нараа харах, асрах, гэрээ цэвэрлэх, хоол хийхэд дийлэнх цагаа зарцуулдаг байна. Ямар нэг нэмэлт дугуйланд явж байгаагүй. Зөвхөн гэр, сургууль, сургууль гэр гэсэн маршрутаар өдөр хоног нь өнгөрч байна. Түүний амьдралын энэ хэв маяг нь заримдаа эцэг эхчүүд бид хүүхдийг хүүхдээр нь харуулж, хөгжих эрхийг нь санамсаргүй байдлаар зөрчсөөр байгааг харуулж байна.


Охин хүүхэд л гэрийн ажилд "дарагддаг" бус зарим эрэгтэй хүүхэд ч айлын том нэрийн дор хөгжих, нийгмийн харилцаанд орох цагаа дүү нараа харж, гэрийн ажил хийхэд зарцуулж байна.


Хүүтэй хэсэгхэн хугацаанд ярилцсан тэмдэглэлийг хүргэж байна. 


Намайг Х гэдэг. Би …. дүгээр сургуульд сурдаг. Ахлах анги.. Айлын ууган хүүхэд л дээ. Ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Би төрөхдөө л сонсголгүй байсан. Тэгээд хоёр ойтойгоос эхлээд хагалгаанд орсон. Нийт бараг зургаан удаа хагалгаанд орсон байх аа. Одоо 80 хувь сонсдог болсон. Хагалгаанд орох бүрд л ээж эхний хэд хоногт хамт байдаг. Тэгээд ээж сахихаа болиод би ганцаараа үлддэг. Тэгсэн ч гэсэн ээж өдөр бүр намайг бантан, будаатай хоол хийгээд эргэдэг. Би ногоо идэх дургүй болохоор ийм хоолнууд авч ирдэг. “Миний хүү хоолоо сайн идээрэй” гэж захидаг. Одоо бол би сонсголын аппарат зүүдэггүй. Зүүхээр бүр аймар чанга сонсогддог юм


Миний үеийн эрэгтэй хүүхдүүдэд хамгийн их тулгамддаг асуудал нь сургууль дээрх дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гэж боддог. Ихэнх хүүхдүүд л өртдөг байх аа. 


Би дөрвөн дүүтэй. Хоёр нь том болчихсон. Хоёр нь сургуульд ороогүй жоохон. Би айлын том болохоор ээж ихэвчлэн “Гадагшаа гарчхаад ирье. Дүү нараа харж байгаарай. Галаа түлээрэй. Хоолоо хийгээрэй” гэдэг. Би хэлснээр нь галаа түлээд, хоолоо хийгээд, гэрээ цэвэрлээд л байж байдаг. Хичээлээсээ ирээд гэр цэвэрхэн, дүү нар хааяа байхгүй бол унтчихдаг. Харин дүү нар гэртээ байх юм бол хоол хийж өгөөд, гэрээ цэвэрлээд, орой болоод л унтдаг. Өглөө хичээлдээ яваад л дахиад л давтагддаг даа. 


Өмнө нь сургууль руугаа 2-3 цаг явж очдог байсан. Саяхан нүүгээд одоо нэг 30 минут яваад очдог болсон арай дээр байгаа. Хичээлээ сайн хийж байгаад багш болох хүсэлтэй байгаа. Математикийн багш болбол зүгээр байх. Бас дуучин болбол ямар байх бол оо гэж бодож байгаа. Рокит бэй, Бруно Марсын дууг сонсох дуртай. Дуучин болчихвол ээж, дүү наараа авч явж болох байх гэж бас бодоод байгаа. Ээждээ энэ талаараа хэлсэн. Ээж багшид хэлж өгсөн. Тэгээд хоолойгоо шалгуулах юм гэсэн. 


Би том болоод байртай болоод хоёр хүүхэдтэй болоод амьдарна гэж боддог. Олон бол бас амьдрахад болдоггүй юм шиг байсан” хэмээн ярьлаа. 


Энэ бичвэрийг уншсан эцэг, эхчүүд, томчууд хүүхдэд ч бас нийгэмших, хөгжих, оролцох эрх байдаг гэдгийг ойлгоосой, санаасай, тунгаан бодоосой гэж хүсэж байна. 

3-р сарын 18-нд “Because I am a boy” хөвгүүдийн оролцооны чуулган Монголын хүүхдийн ордонд болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн эрх тэр дундаа хөвгүүдийн эрх хэзээ, ямар үед зөрчигддөг талаар мэдээлэл өгөх зорилгоор ТҮҮХ буланг хүргэлээ. 
















Comentários


bottom of page