ТҮҮХ #1 Ж.Нямдаваа:Хүүгээ хогоо шүүрдэхдээ ч сайн хийгээрэй гэж захидаг
- child.mn
- Mar 17
- 3 min read

Child.mn сайт уншигч та бүхэнд “ТҮҮХ” цувралаа хүргэж байна. Эхний зочноор 10 настай хурдан морины уралдаанч хүү Нямдаваагийн Сод-Эрдэнэ, түүний аав Ж.Нямдавааг онцолж байна.

Эрэгтэй хүүхдүүд л ихэвчлэн хурдан морь унаж, олон сар, жилээр хичээл завсардах, сургуулиасаа гарах, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх зэрэг олон асуудал үүсдэг. Энэ талаар олон ч судалгаа бий. Харин Н.Сод-Эрдэнэ хүүгийн аав Ж.Нямдаваагийн хувьд өөрөө СХД-ийн 21-р хорооны хэсгийн ахлагчаар ажилладаг бөгөөд хүүгээ чөлөөт цагаа зурагт, утаснаас хол өнгөрүүлэхийг бодолцон морь унахыг нь зөвшөөрчээ.

10 настай Н.Сод-Эрдэнэ хүү “Сайн уу? Намайг Нямдаваагийн Сод-Эрдэнэ гэдэг. Би тавдугаар ангид сурдаг. Анх долоон настайдаа морь унаж сурсан. Тэрнээс хойш хэд хэдэн уралдаанд оролцсон. Би улсын наадамд, Төв аймгийн наадамд, бас энэ амьдарч байгаа Партизаныхаа уралдаанд бас оролцож байсан. Ер нь дундуур л давхиад байгаа /инээв/. Саяхан манай авга ах надад хүрэн морь бэлэглэсэн. Хөвгүүд л голдуу морь унадаг. Манай анги 43 хүүхэд сурдгаас 30 нь эрэгтэй хүүхэд. Тэрнээс нэг хоёр, гурав нь л морь унадаг. Би амралтаараа л голдуу морио унадаг. Аав хичээл номоо тасалж болохгүй гэдэг. Бусад үед нь өвөөгийндөө ирээд морио услах, өвс тэжээлийг нь өгөх гээд ирдэг. 9 настайдаа нээрээ би даага сургаж байсан. Морийг нь унадаг уяач маань надад энэ жил даага өгнө гэж хэлсэн. Би бэлдээд л байна. Зун болохоор өглөө аав уяачийнд хүргэж өгөөд, орой нь аваад, гэртээ ирээд хонодог юм. Надад бол морь унах гоё байдаг аа.”

Н.Сод-Эрдэм хүүгийн аав Ж.Нямдаваа “Намайг Нямдаваа гэдэг. Би нэг хүү, нэг охинтой. Би ч багаасаа морь унаж өссөн. Тийм болохоор хүүгээ өөрийнх нь сонирхлоор хурдан морь унуулдаг юм. Хүүхдүүд утасны хэрэглээ их, донтолт, цахим дээрэлхэлт гээд янз бүрийн л юм сонсогдох юм. Хүүгээ морь унаад биеэ даах чадварт суралцах, бусадтай нэг аятайхан харилцдаг болох, чөлөөт цагаа бас нэг утаснаас хол өнгөрөөх байх гэж бодоод байгаа. Морио усална, тэжээнэ гээд бас хүүхдийг ажил, ахуйд сургадаг.
Хүүгийнхээ морь унах үед нь бол би өдөржин л харж, хамт байдаг. Унах вий, бэртэх вий гэж санаа зовно мэдээж. Тийм болохоор ааштай, сургаагүй моринд мордуулдаг ч үгүй. Морины хүүхдүүд бас хоорондоо нэгнээсээ илүү гарах гэж өрсөлдөнө өө. Тэр бүрд нь тэгээд л болгоомжтой байгаарай гээд л их захидаг.
Хурдан морины уралдаантай холбоотой нэг ярихаар асуудал нь уламжлал ба бизнес гэсэн ойлголт гэж боддог юм. Бүр бизнес, ашиг хонжоо хардаг уяачид, хүмүүс л хүүхдийн эрх зөрчдөг байх. Манай энд бол тийм хүмүүс харж байгаагүй ээ. Мэдээгээр харах нь ээ аав, ээжийнх нь өрөнд хүүхдийг нь морь унуулсан, хөл гар нь бэртсэн, хугарсан гээд айхтар мэдээллүүд л их яваа харагдах юм. Бараг далимдуулаад хүүхдийг өөрийн ажилтан шиг хандаж, морь унуулдаг тийм байдал бол надад таалагддаггүй ээ. Манайх бол уламжлалаа дагаад л өвөл, хавар бол хүүхдээ унуулдаггүй. Урин цагт л өөрийнх нь сонирхлоор л байнга л дагаж явж л унуулдаг даа.
Би хүү, охинтой хүн. Хүүхдээ өсгөхдөө эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй өөрсдийнх нь хүсэл сонирхлоор л байлгая л гэж боддог. Манайд чинь одоо жендер гэдгийг ер нь эмэгтэй хүний эрх, давуу байдал гэж ойлгох гээд байдаг даа. Эрэгтэй хүүхэд гэхээр л барилга дээр ч хамаагүй ажиллаад амьдралаа аваад явчихна. Харин энэ охин хүний гарч очиж байгаа учраас эрдэм номтой, нэг боловсролтой, сайн ажил төрөлтэй болгох хэрэгтэй гэдэг. Миний бодлоор энэ бол буруу. Охин, хүү хоёроо бол ердөө ингэж боддоггүй. Хүүгээ бас л өөрийнхөөрөө дуртай зүйлээ хийгээд, боловсролтой сайн хүн болог л гэж боддог. Морь мал гээд хичээл номоо бол цалгардуулахгүй явна. Яах вэ чөлөө зав гарахаар гадаа морь, малтай өнгөрүүлж байвал хэрэгтэй л гэж гол нь бодоод байгаа юм. Охин болохоор жүдогоор хичээллэдэг. Бид хоёрт бол олдохгүй шүү /инээв/.
Хүүгээ бол ажилд хичээнгүй байгаасай л гэж боддог. Хийж эхэлсэн юмаа заавал дуусгачихдаг тэ. Хог шүүрдсэн ч чи наадхаа дуустал нь шүүрдэж байж өөр юм хийгээрэй миний хүү гэж л захидаг даа.”
3-р сарын 18-нд “Because I am a boy” хөвгүүдийн оролцооны чуулган Монголын хүүхдийн ордонд болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн эрх тэр дундаа хөвгүүдийн эрх хэзээ, ямар үед зөрчигддөг талаар мэдээлэл өгөх зорилгоор ТҮҮХ буланг хүргэлээ.
Comments