"Тоглоомоо өөрсдөө орхитол нь бүү хаяж байгаасай!"
- child.mn
- Jun 5
- 3 min read
Хүүхдэд наснаас тань үлдэж хоцорсон, тод дурсамж болж үлдсэн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээсээ хуваалцаач ээ гэвэл та юуг хэлэх вэ? Ямар түүх хуваалцах вэ? Баяр хөөр, уйтгар гунигтай олон л нандин дурсамж хүн бүрийн сэтгэл хадгалаатай байдаг биз ээ. Тэгвэл тэрхүү нандин мэдрэмжүүдийг тань эргэн сануулах, дахин мэдрүүлэх үзэсгэлэнг санал болгож байна. Энд сурагчид өөрийн мэдэрч буй зүйлсээ урлаг болгон "амилуулсан" юм. Бүтээлүүдийн зах зухаас нь "амсуулъя".
НАЙЗ
Хэнийг ч ялгаварлаж, гадуурхахгүйгээр найзлах ёстой.
Б.Очирбат (VII анги, Булган аймаг, Булган сум, 1-р сургууль)

АМЖИЛТ ӨӨД
Хүн алдаанаасаа суралцдаг. Хугарсан сумнууд минь намайг
амжилтад хөтөлсөн.
А.Жавхлантөгөлдөр
(X анги, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, ЕБС)

UNTITLED
Тодорхойгүй байдал хүний оршихуйг бүрэн эзэмдэж, сэтгэлзүйн
тоглолт хийдэг санагддаг. Тийм ээ, намайг ч мөн адил. Өнгө
өнгийн олон мэдрэмж сүлэлдэн төөрөгдөл рүү хөтөлнө. Би хаа ч
юм гацсан мэт… Шаналгаат хөндүүр мэдрэмжүүдээ хав дарчхаад
хээв нэг алхлах үедээ дахиад л өнөөх тодорхойгүй байдалдаа
улам гүн шигдсэнээр мэдэрнэ. Магадгүй би хариулт олохын тулд
илүү гүн гүнзгий мэдрэх ёстой ч байж мэдэх юм.
Н.Ариунхишиг
(XI анги, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ЭДЦС)

ХАЙР
Гуравдугаар ангийн жаахан охин байсан үе. Тэр жилийн төрсөн
өдрийн минь бэлэг тийм ч гоё бэлэг байгаагүй юм. Аав минь
миний ноолорч бөөсөрсөн дүрэмт хувцсыг цэмцийтэл цэвэрлэж,
нэг бүрчлэн бөөсийг нь түүсэн байлаа. Тухайн үедээ нэг их юм
бодоогүй өнгөрсөн ч цаг хугацаа өнгөрөх тусам аавын минь
бэлгийн үнэ цэн хязгаар нь үл мэдэгдэх тоо лугаа адил өссөөр буй
юм. Ийнхүү би хайрыг чин үнэн сэтгэл, тун жижигхэн үйлдлээс
ч мэдрэгддэг бөгөөд зүрх сэтгэлд авуурьд орших боломжтой
гэдгийг ойлгосон юм.
Н.Ариунхишиг (XI анги, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ЭДЦС)

ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАС ШАРХАЛСАН ЗҮРХТЭЙ
Эрх чөлөөтэй...
Эрх чөлөөтэй болох гэж байгаад ээждээ зэмлүүлсэн.
Шархалсан зүрхтэй...
Зүрхээ шархлуулах гэж байгаад ходоодоо шархлуулсан.
Эрх чөлөөтэй бас шархалсан зүрхтэй
Энгийн амьдралд сэтгэл ханахааргүй болсон, би...
Сэтгэлийг минь шархлуулах гэхдээ тэд
Сэтгэцийг минь шарах шүүгээнд шарсан, тэд...
Хүмүүсийн цонхоороо шидсэн амьдралыг
газраас би түүсээр
Хэний ч танихгүй бурхны төрхийг
шалбаагаас олж харсан...
Э.Эгшиглэн (XI анги, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ЭДЦС)


ТӨӨРӨГДӨЛ
Өсвөр насны санаа зовнил бол энэ жилийн хамгийн хүнд сорилт
байлаа. Балчир байхад ирээдүйн талаар санаа зовнидоггүй
байсан сан. Шилжилтийн нас эхлэн, том болохын тулд сэтгэл
хөдлөл, дуртай юмаа умартахын зэрэгцээ олон асуудалтай
тулгарсан. Тэр дундаас мэргэжил сонголт. Би өөрөө бүхнийг
мэдэхгүй тул аль болох мэддэг хүн бүрээс асууж лавлах ч сэтгэлд
хүрсэн тайлбар үгүй. Өөрсдийнхөө мэргэжлийг санал болгох
мөртөө хэцүү болоод сайхныг нь дурддаггүй. Сонирхол, хобби
ч олширч, тэдэн дундаас мэргэжлээ сонгохыг хичээн эргэлзэж,
нөгөө олон зөвлөгөөн дунд ч толгой эргэж, өчнөөн олон асуудал
хоолойнд тулгасан хутга мэт санагдана. Алдаж болох ч юм шиг,
болохгүй ч юм шиг... Тэр үед ойд төөрсөн хүн мэтээр өөрийгөө
мэдэрч байлаа.
Ж.Бумдарь (X анги, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, ЕБС)


ДОТООД ДУУ ХООЛОЙ
Томчуудын хүүхдэд хэт өндөр шаардлага тавьж, үүрэг тохож, хариуцлага нэхэх нь тэдэнд өөрийгөө голж, өөртөө буруу өгөх, улмаар унаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.
Ч.Мэгүжин (VII анги, Булган аймаг, Булган сум, 1-р сургууль)

АНИРГҮЙ ДУРСАМЖ
Би олон удаа шинэ газар руу нүүсэн. Нүүх тоолонд найзуудаасаа холддог ч тоглоом, дурсамжууд минь үргэлж надтай хамт байсаар ирсэн. Чихмэлүүд минь найз шиг, чулуу цуглуулга минь аяллын түүх мэт. Энд буй тоглоом, чулуу бүрд түүх бий. Жишээлбэл, капибара бол миний хамгийн эмо үед хамт байсан найз, харин үнэгтэйгээ хамгийн зугаатай мөчийг хамт өнгөрүүлсэн, хувцсыг нь сольж, шинэ хувцас авч өгөх зугаатай гэх мэт.
Хүүхдийн хувийн жижиг эд юмст шингэсэн их мэдрэмж, тэдний ертөнцийг анзаарч хараасай, хүндлээсэй! Тоглоомоо өөрсдөө орхитол нь бүү хаяж байгаасай!
Т.Бөртөгжингуа (VII анги, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, ЕБС)





СЭТГЭЛИЙН ШИВНЭЭ
Олон зүйл ургуулж бодолгүйгээр толгойд орсон санаануудаараа
шууд загвараа бодож олсон юм. Жаазнуудаа ч өөрөө хийж, багшийн цэцгүүдээр бүтээлээ илүү гоё болголоо. Энэ явцдаа багадаа зурсан зургуудаа харьцуулж хараад өөрийгөө одоо хэр залхуу байгаагаа анзаарсан. Ирээдүйд загвар зохион бүтээгч болох хүсэлтэй болохоор энэ бүтээлээрээ мөрөөдөлдөө хувь нэмэр оруулсан мэт санагдаж байна.
А.Мишээл (X анги, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, ЕБС)

ӨВӨӨ БИД ХОЁР
Өвөөгөө алдаад сэтгэлээр их унасан. Өөрийгөө өөдрөг байлгахын тулд өвөөтэйгөө хамт сайхан байсан үеэ дурсаж хийлээ.
О.Анужин (IX анги, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, ЕБС)

АНАГААГЧ
“Уучлаарай” гэдэг үг шархалсан сэтгэлийн эм юм.
С.Өлзийсувд (IX анги, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, ЕБС)

TIME IS YOURS
Хүн цаг хугацаагаа хэрхэн өнгөрөөж буйгаас хамааран өөрийгөө бүтээж ч болно, алдаж ч болно. Хэрвээ цагийг дэмий үрвэл, хүн өөрийгөө олоогүй, зорилгогүй, хэн ч биш нэгэн болон хувирна. Харин цагийг үр бүтээлтэй, зорилготой өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд зориулбал амьдралын утга учир, амжилтын амтыг мэдэрнэ.
Э.Хулан (VII анги, Булган аймаг, Булган сум, 1-р сургууль)


Та энэ үзэсгэлэнг 2025 оны 6-р сарын нэгнээс долоон хүртэл хугацаанд ХААН арт галерейд үзэх боломжтой.
Гэрэл зургийг Н.Мөнхцэцэг
Comments